Трамп: Зэвсгээ хураалгаад бууж өг. Эсвэл үхэлтэй нүүр тул. Тийм ч таатай үхэл байхгүй шүү


Трамп 3-р сарын 1-ний ням гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ираны Хувьсгалт гвардыг “Зэвсгээ хураалгаад бууж өг. Эсвэл үхэлтэй нүүр тул. Тийм ч таатай үхэл байхгүй шүү” хэмээн сүрдүүллээ. Тэрбээр АНУ бүх зорилгоо биелүүлэх хүртэл Иранд явагдаж буй цэргийн ажиллагаа үргэлжилнэ. Илүү олон америк цэрэг амь үрэгдэж магадгүй” гэж мэдэгдсэн байна. Трамп 5 минутын асар урт мэдэгдэл хийснийг орчуулан уншигчдадаа хүргэе.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэл:

-Өнгөрсөн 36 цагийн хугацаанд АНУ болон бидний хамтрагч орнууд “Epic Fury” нэртэй, Дэлхийн хамгийн том, нүсэр цэргийн ажиллагааны нэгийг явууллаа. Ийм том ажиллагаа урьд өмнө нь явагдаж байгаагүй. Бид Ираны Хувьсгалт гвардын баазууд болон Ираны агаарын хамгаалалтын систем зэрэг олон зуун байг онилж бөмбөгдсөн. Бид тэдний 9 усан онгоц болон тэнгисийн цэргийн баазад цохилт өгсөн тухай мэдээ саяхан цацагдлаа.

Энэ бүхэн ердөө хэдхэн минутын дотор болж өнгөрсөн. Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи нас барсан. Энэ нүгэлтэй хүн олон мянган америкчууд болон Дэлхийн олон орны олон мянган гэм зэмгүй хүний аминд хүрсэн этгээд. Түүнийг нас барсан мэдээлэл цацагдсаны дараа өнгөрсөн шөнө Иран даяар олон мянган иранчууд гудамжинд баяраа тэмдэглэж байгаа нь сонсогдсон. Манай цэргийн ажиллагаа сайн явагдсан.

Олон хүн амиа аврахын тулд бууж өгөхийг хүсэж байна. Тэд хамгаалуулахыг хүсэж, олон мянгаараа нэгдэж байна. Цэргийн ажиллагаа яг одоо явагдаж байгаа. Манай бүх зорилго биелэх хүртэл уг цэргийн ажиллагаа явагдах болно. Бид маш хүчтэй зорилготой.

Ираны тал хоёр долоо хоногийн өмнө ямар нэг арга хэмжээ авч болох байсан ч ямар ч арга хэмжээ аваагүй. Ойрх Дорнодод АНУ-ын армийн 3 цэрэг ажиллагаа гүйцэтгэж явахдаа амиа алдсан талаар Өмнөд командлал өнөө өглөө мэдээллээ. Эх орныхоо төлөө амиа золиосолсон америк цэргүүдийн дурсгалыг хүндэтгэж, бид энэ ажиллагааг үргэлжлүүлэх болно. Амиа алдсан тэдгээр цэргийн ар гэрийнхэнд бид залбирлаа илгээж, сайн сайхныг хүсэн ерөөж байна.

Мөн цаашид энэ ажиллагаа дуусах хүртэл илүү олон цэрэг амиа алдах магадлалтай байгааг дуулгах харамсалтай байна. Гэхдээ бид илүү олон америк цэрэг амиа алдахгүй байх тал дээр анхаарч ажиллах болно. Америкчууд амиа алдсан хүмүүсийнхээ өшөөг авч, иргэншлийн эсрэг дайн зарласан тэдгээр террористуудад хамгийн хатуу цохилт өгөх болно.

Тэд бол иргэншлийн эсрэг дайн зарласан орон юм. Израил болон манай орон маш хүчтэй шийдэлд хүрсэн. Америк одоо ахиад Дэлхийн хамгийн баян, хүчирхэг орон болсон. Бидний амьдралын чанар, эрх чөлөө, аюулгүй байдал ийм дээд хэмжээнд байгаа шалтгаан нь бид бусад орны чадаагүй зүйлийг хийж чадсантай холбоотой. Энэ нь дайснуудтай тулалдахын тулд амиа өргөх зоригтой эрэлхэг баатруудын ач гавьяа юм. Мөн тэд хэнээс ч илүү сайн тулалддаг.

Иран холын зайн тусгалтай пуужин болон цөмийн бөмбөгтэй болчихвол бүх америкчууд аюулд орно. Өөрсдийн нүгэлт хүслээ хангаж, Дэлхийг айлгахын тулд тийм зэвсэг олж авахаар террорист арми бүрдүүлдэг орон цөмийн зэвсэгтэй болохыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Хэзээ ч зөвшөөрөхгүй. Мөн бусад орныг ч цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрөхгүй.

АНУ Дэлхийн хамгийн хүчирхэг армитай орон. Ерөнхийлөгч болсон эхний 4 жилдээ би армид шинэчлэл хийсэн. Бидэн шиг хүчирхэг армитай орон урьд хожид байгаагүй. Мөн бидэнтэй дөхөж очих орон ч байхгүй. Гэхдээ бид энэ хүчирхэг армийг сайн зорилгоор ашиглаж байна. Бид үүнийг сайхан зорилгын төлөө ашигламаар байна. Өвөг дээдэс минь биднийг олон жилийн өмнөөс хамгаалж байсантай адилаар.

Бид аюулгүй байдлаа хангахаас гадна ирээдүй хойч үеийнхнээ хамгаалахын тулд энэ нүсэр ажиллагааг явуулж байна. Энэ бол эрх чөлөөтэй орны хүмүүсийн хийх ёстой үүрэг. Бид зөв үйлдэл хийж байна. Цус урсгахыг хүссэн террорист орныг цөмийн зэвсэгтэй болгохгүйн тулд америкчууд ийм зүйл хийх шаардлагатай байсан. Сүүлийн 50 жилийн турш энэ орны үндсэрхэг үзэлтэй хүмүүс “Америк сөнөх болтугай” юм уу “Израил сөнөх болтугай” гэх уриатайтайгаар АНУ руу халдсаар ирсэн. Иран бол терроризмыг хамгийн их өөгшүүлэн дэмждэг, Дэлхийн номер нэг орон. Харин бид Дэлхийн хамгийн агуу, хүчирхэг орон болохоор тэдэнд арга хэмжээ авсан.

Цаашид тэд бидэнд аюул учруулж чадахгүй. Би Ираны Хувьсгалт гвардын цэргүүдийг зэр зэвсгээ хураалгаад бууж өг. Эсвэл үхэлтэй нүүр тул гэж санал тавьж байна. Энэ тийм ч таатай үхэл байхгүй шүү гэдгийг анхааруулъя. Би эрх чөлөөг хүсдэг бүх иранчуудаас энэ мөчийг ашиглаж, зоригтой, баатарлаг байж, эх орноо эргүүлж ав хэмээн уриалж байна. Америк та нарын талд байгаа шүү. Би та нарт өгсөн амлалтаа биелүүлсэн. Үлдсэнийг нь та нар хийх хэрэгтэй. Бид туслах болно. Баярлалаа. Бидний эрэлхэг дайчдыг болон АНУ-ыг бурхан ивээг. Баярлалаа.

Эх сурвалж: Reuters


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *