Нийслэлийн Прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлсэн зарим хэргийг онцоллоо. Үүнд:
– В.М, Г.М нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн болон бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийн албан татварын ногдлыг бууруулан тооцож, бүртгэл үүсгэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд,
– М.Д, Т.Б, О.С нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа судалгааны мэдээлэл цуглуулах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажиллахдаа ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, нэр бүхий компанийг шалгаруулж, 130 сая төгрөгийг төсөвт өртөг бүхий гэрээ байгуулан бусдад давуу байдал бий болгосон, хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
– Гадаад улсын иргэн Ч.Ю, Ю.Ш нар нь санаатай нэгдэж гадаад улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай нэр бүхий компанийн 74 хувийн хувьцааг хуурамч баримт бичиг ашиглан нэр дээрээ шилжүүлэн авч, бусдад 694,4 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
– Ц.П нь Эрүүл мэндийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/408 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтаагүй, НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын IV жагсаалтад багтсан нэр бүхий эмийг хууль бусаар худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 1 /Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импорлох-ханган нийлүүлэх, худалдах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд,
– А.Ж нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг “өвс” гэх нэршилтэй олсны ургамлыг түүж бэлтгэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
– Э.Н нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг синтетик каннабинойдийн бүлэгт багтах бодисын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан, бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар, Н.Х, Э.М, О.Ц нар нь дээрх төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
