Цагааннуурт сургууль барихаар 9 удаа тендер зарласан ч ямар ч компани оролцоогүй


Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн П.Ганзориг, Азийн хөгжлийн банкны төлөөлөл өнөөдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ажиллалаа. Дархадын хотгорт оршдог энэ сум 2200 орчим хүн амтай.

Улсын хэмжээнд яндантай зуух ашиглаж байгаа 2 сургууль байгаагийн 1 нь энэ сумынх. Цэцэрлэг нь бас зуух галлаж халаадаг. Улсын төсвийн хөрөнгөөр тус суманд 150 ортой цэцэрлэг барьж байгаа аж. Ирэх хичээлийн жилд ашиглалтад орно.

Сургуулийн хуучин барилга нь 1999 онд галд шатсан тул нутгийн иргэдийн санаачилгаар олон улсын байгууллагуудын хандив дэмжлэгээр шинэ сургууль барьсан байна. Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумын 264 мужаан жил хүрэхгүй хугацаанд барьсан уг сургууль хуучирчээ.

2023 оноос шинэ сургууль барих зардлыг улсын төсөвт суулгаж, 9 удаа тендер зарласан ч барих компани олдоогүй гэнэ. Учир нь энэ сум газар зүйн байршлын хувьд алслагдсан тул тээврийн зардал өндөр гардаг. Хөрс нь зөөлөн, намаг ихтэй болохоор өндөр даацын ачааны тэрэг явахад хүндрэлтэй. Энэ мэтчилэн өртөг зардал өндөр гарах учраас аж ахуйн нэгжүүд алдагдалд орохоос болгоомжилж, тендерт оролцдоггүй гэдгийг нутгийн удирдлагууд хэлж байна.

Энэ удаа Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шинэ сургууль барихаар шийдвэрлэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *