Дундговь аймгийн нийтийн албан тушаалтан Ц.Эрдэнэсүрэн Эрдэнэдалай суманд хог зөөх машин нийлүүлэх гүйцэтгэгчийг шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, 2018.04.23-нд 44,9 сая төгрөгийн үнэ бүхий автомашин нийлүүлэх, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг “Д” ХХК-д өгчээ.
Мөн Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудын холбогдох заалтыг зөрчиж, 2019.07.18-25-ны хооронд Төв аймаг болон Өмнөговь аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох ажилд Дундговь аймгийн ЗДТГ-ын 22 албан хаагч оролцох нэрийдлээр албан томилолтын материалыг хуурамчаар үйлдэж, орон нутгийн төсвөөс 7,7 сая төгрөг гаргуулан авчээ. Уг мөнгөөрөө 22 албан хаагчтай хамт БНХАУ руу аялсан байна.
Мөн 2019.08.19-22-ны хооронд Сэлэнгэ аймагт ISO-9001/2015 стандарт хэрэгжүүлэх сургалтад 11 албан хаагчийг оролцуулах нэрийдлээр албан томилолтын материал хуурамчаар үйлдэж, орон нутгийн төсвөөс 4.4 сая төгрөг гаргуулан авчээ. Тэр мөнгөөрөө 11 албан хаагчтай хамт ОХУ руу аялсан байх юм.
Ийн тэрээр хийх ёсгүй үйлдлээ хийж, өөрт болон бусдад давуу байдал бий болгож, улсад 12 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдов. Дундговь аймгийн Сум дундын анхан шатны шүүх 2026.03.02-нд уг хэргийг хэлэлцээд, Ц.Эрдэнэсүрэнг нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Түүнд нийтийн албанд 2 жил томилогдох эрх хасах, 8 сая төгрөгөөр торгох ял оноолоо.
