Нохойг дааруулахгүйн тулд хогийн саванд хийжээ


“Азтай савар-Амьтанд хайртай залуус” группт нэгэн иргэн 40-р сургуулийн жижүүр сургуулийн хашаанд орж ирсэн нохойг хогны саванд хийсэн” гэх утгатай пост нийтэлжээ. Тэгвэл бид уг мэдээллийн мөрөөр сурвалжиллаа.

Нийслэлийн ерөнхий боловсролын 40-р сургуулийн сурагчдаас энэ асуудлыг тодруулахад “Сургуулийн хашаанд нохой их орж ирдэг. Харин сургуулийн жижүүрүүд хашаанаас гаргаж харагддаг. Нохойг хогны саванд хийсэн нь муухай, энэрэнгүй бус байна”, “Жижүүр ах өмнө нь сургуулийн хашаанд орж ирсэн хэд хэдэн нохойг хогны саванд хийж байсан. Хогны саванд хийсэн нохойг заримдаа бид гаргачихдаг. Өмнө нь бид нэг нохойг хогны савнаас гаргасан” хэмээн ярилаа.

Тухайн бичлэгт гарч байгаачлан тухайн хүний үйлдэл нь болчимгүй харагдаж байгаа ч сурагчдын аюулгүй байдлыг бодсон алхам хэмээн 40-р сургуулийн зүгээс тайлбарлав.

40-р сургуулийн нийгмийн ажилтан О.Сүнжидмаа

О.Сүнжидмаа: Үйлдэл нь бусадад сөрөг мэдрэмж төрүүлж байгаа ч хүүхдүүдэд учирч болох аюулаас сэргийлсэн

Та болсон явдлын талаар мэдээлэл өгөөч?

 -Тухайн үед хичээл орох гээд хүүхдүүдийн хөл хөдөлгөөн их байсан. Гэтэл нэг нохой хүүхдүүдийг дагаад, сургуульд ороод ирсэн юм байна лээ. Өмнө нь ч мөн сургуулийн хашаа руу орж ирээд, хүүхдэд рүү архирч, гадуур хувцасны хормойноос нь зуусан тохиолдол гарч байсан. Жижүүрийн гаргасан үйлдэл нь бусдад сөрөг мэдрэмж төрүүлэхээр байгаа ч бодит байдал дээр хүүхдүүдэд учирч болох эрсдэлээс сэргийлсэн байгаа юм.

-Сургуулийн байранд нохой, муур орж ирж хонох тохиолдол гардаг уу?

Шатны хонгилд муур орж ирээд хэвтчихдэг явдал бий. Харин нохой бол сургуульд орж ирдэггүй.Бид хүүхдүүддээ нохой, муур дагуулж ирэхгүй байхыг сануулдаг.

В.Энхээ: Би өөрөө нохой жилтэй хүн. Яах гэж нохой зодох билээ

Харин 40-р сургуулийн жижүүр В.Энхээ хэлэхдээ  “Хүүхдүүд хичээлдээ ирэх цагаар гадаа “Хүүхдүүд рүү нохой дайраад байна” гэж нэг хүн хэлсэн. Тэгээд уг нохойг барьж аваад, хажуу талын байранд оруулж тавьтал буцаад сургуулийн хашаанд ороод ирсэн. Тэгэхээр нь хогны саванд хийсэн. Хүүхдүүд хичээлдээ орсны дараа тэр нохойг хогны савнаас гаргаж тавьсан.Тухайн үедээ нохойг дааруудахгүйн тулд хогийн саванд хйисэн.  Би өөрөө нохой жилтэй хүн. Яах гэж нохой зодох билээ. Хүүхдүүд муур, нохой гэрээсээ болон гудамжнаас дагуулж ирдэг. Хүүхэд хичээлдээ ороод нохой, муур нь сургуулийн гадна үлддэг. Эзэнтэй, эзэнгүй тэр нохой, муурыг би устгуулахыг хүсдэггүй” гэсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *