Өнөөдрийн байдлаар Дэлхий дахинд 5-19 насны 90 сая орчим хүүхэд сонсголын эмгэгтэй байна. Тэдний 60 орчим хувь нь урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой байгааг ДЭМБ мэдээллээ.
Манай улсын нийт хүн амын 35 орчим хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлдэг. Манай улсад ганцхан жилд төрсөн 166.444 нярайн 150 нь дүлий төржээ. Нярай хүүхдүүдийн 0.23%-ийнх нь 1 эсвэл 2 чих нь сонсгол муу, дүлий төрсөн гэж оношилсон байна. Энэ нь 1000 амьд хүүхэд тутмын 2-3 нь дүлий төрж байна гэсэн үг.
Иймд боловсролын байгууллагыг түшиглэн эцэг эхийн оролцоотойгоор сонсголын эмгэгийг эрт илрүүлэн оношлох, тусламж үйлчилгээг цаг алдахгүй үзүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм. Цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлгийг ЭХЭМҮТ болон бусад төрөлжсөн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулж, оновчтой, үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж эхэлжээ.
Жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг Дэлхий нийтээр “Сонсголын өдөр” болгон тэмдэглэж буй бөгөөд энэ жил “Бүх хүүхдийн сонсголыг хамгаалъя” уриа дэвшүүлэв.
