Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, хуулийн 3 этгээдэд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 3 хоног хэлэлцэж, шийдвэрээ гаргахаар завсарлалаа. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, уг хэрэгт ял оноох юм.
Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар 2022 оны 12 дугаар сард яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Түүнээс хойш 3 жилийн хугацаанд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр хэлэлцэж, 38 хүн, 1 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Улсын дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр уг хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэн, 26 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүний дагуу анхан шатны шүүх 2025 оны 9 дүгээр сард эл хэргийг хоёр дахь удаагаа хянан хэлэлцээд, 19 хүн, 3 хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 23 хүний хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон. Энэ нь УДШ-ийн шийдвэртэй нийцэхгүй гэж үзэн, давж заалдах шатны шүүхэд прокурор эсэргүүцэл бичиж, 25 оролцогч гомдол гаргасан юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх оролцогчдын гомдол, прокурорын эсэргүүцлийн дагуу нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг 3 дугаар сарын 2-4-нд хэлэлцэж, ял оноохоор өнөөдөр түр завсарлалаа.
