Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сарын байдлаар нийт 496,017 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 10.9 хувиар буурсан гэж УЕПГ мэдээллээ. Үүний 88.3 хувь нь нийслэлд, 11.7 хувь нь орон нутагт гарчээ. Үүнээс 99.5 хувийг ЦЕГ, 0.5 хувийг ГЕГ, ТЕГ, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн нийт зөрчлийн 487,222 буюу 98.2 хувийг газар дээр нь, 6,364 буюу 1.3 хувийг хялбаршуулсан журмаар, 563 буюу 0.1 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бол 1,869 буюу 0.4 хувийг нь шүүхээр шийдүүлжээ.
Хоёрдугаар сард зөрчил гаргасан 476,316 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 11.4 хувиар буурсан бол 19,808 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 3.7 хувиар өсөв.
Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан, шүүхээс шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авагдсан 6,628 иргэнийг хүйсийн байдлаар нь авч үзвэл 74.6 хувь нь эрэгтэй, 25.4 хувь нь эмэгтэй бөгөөд 56.7 хувь нь 26-45 насны хүмүүс байна.
Зөрчлийн хэргийн улмаас 2026 оны хоёрдугаар сард хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 6,6 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2,08 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.
Зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх сартай нь харьцуулахад:
- Нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 5.3 хувиар,
- Танхайрах зөрчил 46 хувиар,
- Хүний биед халдах зөрчил 20.8 хувиар,
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 51.9 хувиар,
- Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 29.1 хувиар,
- Хулгайлах зөрчил 56 хувиар,
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 10.5 хувиар буурчээ.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 208 бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 89.1 хувиар өссөн байна.
