Орон нутгаас Улаанбаатар хотод анх оюутан болоод ирж буй залуусыг нутгийнхаа аялгаар ярихад үе тэнгийнхэн, ангийнхан нь шоолох, дооглох хандлага ажиглагддаг. Ийм хандлагаас болж зарим оюутан аялгаа “засах”, халх аялга сурах гэж ихээхэн хичээдэг. Гэвч үнэн хэрэгтээ аялга бол тухайн бүс нутгийн онцлог, түүх соёл, ахуй амьдралыг илэрхийлсэн хэлний баялаг хэлбэр, монгол хэлний салшгүй соёл юм.
Нэг үндэстний доторх аялгууд олон байх тусам хэл нь баялаг, амьд, олон өнгөтэй байдаг.
Аялга гэдэг нь буруу яриа биш, харин тухайн хэлний дархлаа, өв соёлын нэг хэсэг билээ. Нэг үндэстний доторх аялгууд олон байх тусам хэл нь баялаг, амьд, олон өнгөтэй байдаг. Тиймээс оюутан, залуус нутгийнхаа аялгаар ярихаасаа ичих бус, харин бахархах учиртай. Боловсролын орчинд харилцан хүндэтгэл, соёлын ялгааг ойлгон зөвшөөрөх хандлага төлөвшүүлэх нь чухал юм. Дээд боловсрол эзэмшиж буй хүн бусдын соёлыг хүндэтгэдэг байх учиртай. Time.mn үүнийг хөндөж байна.
Оюутан: Сагсанбөмбөг тоглож байхдаа бөмбөг гэдэг үгийг аялгаараа хэлээд шоолуулдаг байсан. Одоо бол аялгаа засаад ярьдаг болсон. Аялгаа зассан нь дээр гэж боддог доо. Аялгаараа найзуудтайгаа ярихаар арай гоё л. Удаан идээгүй хоолоо идсэн юм шиг санагддаг.

1-р курсийн оюутан: Анх оюутан болж, Улаанбаатарт орж ирэхэд их шоолдог байсан. Зарим нь “Нусан багааяа” кинон дээр хэлдэг “Арай гоё л”, “Чамд бол OK” гэдэг хэсгүүдийг хэлээд өгөөч. Аялгаараа яриад бай” гэдэг. Оюутны байранд Увсын найзуудтайгаа байдаг болохоор аялгаараа хоорондоо ярихад арай гоё л. Ер нь аялгаа засъя гэж боддоггүй ээ. Цаашид аялгаараа л ярина.
МУБИС-ийн Монгол судлал хүрээлэнгийн захирал Д.Ганболд: Нутгийнхаа аялгаар шоолуулснаас болоод аялгаа халх аялгаар сольж хэлэх гээд хүмүүс халхаждаг. Гэвч энэ нь маш буруу зүйл гэдгийг тэр хүмүүс дараа нь ойлгосон байдаг.
Аялгатай хүн бол нутгийнхаа өвийг тээж байгаа маш чухал, үнэ цэнэтэй хүн мөн. Хэлний хуулийн уугуул шинжээр өвлөн авч хэрэглэх үр хүүхдэдээ аялгаа уламжлах хэрэгтэй. Аман аялга маш эмзэг болсон. Орон нутагт очоод, судалгаа хийхэд, сүүлийн үед хүмүүс аль болох аялгаараа ярих хандлагатай болжээ. Нутгийн аялгыг урлагаар дамжуулан, бусдад түгээвэл энэ өв соёлыг илүү их таньж мэдэхэд тустай байдаг.
Аман аялгаараа ярьсан хүнийг шоолох нь харьцангуй цэгцэрч байна. Гэхдээ жаахан хожуу, аман аялга суларсан үед цэгцэрч байна л даа. Бие даасан аман аялга Монголд олон байсан бол одоо халх аялгатай холилдоод, дундын, завсрын шинжтэй болчихлоо. Зөвхөн хөг аялгууны түвшинд мэдэгддэг ч үгийн санд мэдэгдэхээргүй болтлоо халхажсан.
Хүүхэд анх хэлд ороход, ойр тойрны хүмүүс ямар аман аялгаар ярина, түүнийг сурдаг. Боловсролын системийн нөлөөгөөр халхжиж, уугуул аялгаа бага сага мартдаг. Гэвч нас ахихын хэрээр анх сурсан аман аялга нь сэргэдэг. Энэ бол сонин үзэгдэл. Үүнийг генийн мэдээллийн сантай холбон тайлбарладаг.
Иймд хүмүүс аялгаа засах бус, харин хадгалж хамгаалах, хүндэтгэх соёлыг түгээх хэрэгтэй. Энэ нь үндэсний хэл соёлоо хамгаалж буй нэг хэлбэр мөн.
