Хүүхдийн зуслангийн хагас хувьсах зардлыг төрөөс олгох асуудлыг судлан шийдвэрлэнэ


Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл энэ оны анхны хурлаа зохион байгуулж, зөвлөлийн 2025 оны ажлын тайлан, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт үүрэг болголоо. Хүүхдийн зуслангийн барилга, байгууламж, авто зам, замын байгууламж, хүүхэд тээвэрлэх стандартын хэрэгжилтийг хангах, шаардлагатай засвар үйлчилгээний шинэчлэлийг хийхэд бодитой хөрөнгө оруулалтаар дэмжих, зуслангийн бүсэд ахуйн хэрэгцээний газар өмчлөх эрх олгохгүй байх шийдвэр гаргасан.

Хүүхдийн зуслангийн чиглэлээр дагнан, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэр үл харгалзан, газрын төлбөрөөс чөлөөлөх, хагас хувьсах зардал олгох асуудлыг судалж танилцуулахыг салбарын сайд болон ажил хариуцсан хүмүүст үүрэг болголоо. Мөн салбар бүрд хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, цалингийн сангийн нэг хувийг хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд зарцуулан тайлагнаж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, Аж ахуй нэгж байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн сайн сайхны төлөө хийсэн бүтээн байгуулалтын ажлыг нэг хувь хүртэл татвараас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалтын хэрэгжилтийг хангаж ажиллахыг онцолсон.

  Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар “Хүүхэд, гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг илүү цэгцтэй, стандарттай, хариуцлагатай болгох нь Засгийн газрын “Цэгцрэх хөдөлгөөн”-ий нэг чухал хэсэг юм. Тиймээс гэр бүлийн боловсрол, дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Бодлого батлаад орхихгүй, бодитой үр дүн гаргах ёстой” гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *