Хөгжлийн банкны гэх хэргийг шүүх хэрхэн шийдсэнээ маргааш танилцуулна


Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж байгаа нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 3 дугаар сарын 10-ны 15:00 цагаас шийдвэрээ танилцуулна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 3 хоног хэлэлцэж, шийдвэрээ гаргахаар энэ сарын 4-нд завсарласан. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, уг хэрэгт ял оноох юм. 

Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар 2022 оны 12 дугаар сард яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Түүнээс хойш 3 жилийн хугацаанд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр хэлэлцэж, 38 хүн, 1 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Улсын дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр уг хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэн, 26 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүний дагуу анхан шатны шүүх 2025 оны 9 дүгээр сард эл хэргийг хоёр дахь удаагаа хянан хэлэлцээд, 19 хүн, 3 хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 23 хүний хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон. Энэ нь УДШ-ийн шийдвэртэй нийцэхгүй гэж үзэн, давж заалдах шатны шүүхэд прокурор эсэргүүцэл бичиж, 25 оролцогч гомдол гаргасан юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх оролцогчдын гомдол, прокурорын эсэргүүцлийн дагуу нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг 3 дугаар сарын 2-4-нд хэлэлцэж, ял оноохоор түр завсарласан бол маргааш шийдвэрээ танилцуулахаар боллоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *