Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багт өнөөдөр 10:00 цагийн үед жолооч Г цахилгааны тулгуур мөргөж, хугалжээ. Үүний улмаас 6 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч, тус сумын Мангирт, Батальон, Их сургуулийн гудамжны 868 айл өрх, аж ахуйн нэгж цахилгаангүй боллоо.
“Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компанийн засварчид уг тулгуурыг сольж байна. Өнөөдрийн 16:00 цагийн үед тулгуурыг сольж дуусгахаар төлөвлөжээ.
Тус аймгийн Замын цагдаагийн тасгийн цагдаа уг жолоочийг шалгахад эрүүл, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэнэ. Уг жолооч нойрмоглосны улмаас осол гаргасан гэж мэдүүлжээ. Тэрээр шөнийн цагаар нойроо хугаслан, зорчигч тээвэрлэх үйлчилгээ эрхэлдэг юм байна. Өнгөрсөн шөнө таксины үйлчилгээнд яваад, гэртээ харихаар явж байсан аж. Түүний биеийн байдал хэвийн.
Замын цагдаагийн тасгаас түүнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгож, “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх шугам сүлжээ” компанид учруулсан хохирлыг төлж барагдуулах үүрэг өглөө.
