Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 2001 оноос эхлэн “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулсаар ирлээ. Тэгвэл энэ удаагийн үзэсгэлэнгээр хадны зураг дахь эмэгтэйчүүдийн дүрслэлийг онцлов. Үүнийг харуулсан “Алтайн Венера” гэрэл зургийн үзэсгэлэн 3-р сарын 6-12-нд тус музейд гарч байна.
Үзэсгэлэнг “Сэмүүн” студийн захирал, найруулагч Б.Баяр, уран бүтээлч Х.Бөхтулга, археологич Т.Идэрхангай нар хамтран гаргажээ. Б.Баярын хадны зургийн цуглуулгаас эмэгтэй хүний дүрслэл бүхий 40 орчим гэрэл зураг, уран бүтээлч Х.Бөхтулгын хадны зургаас сэдэвлэн AI-аар бүтээсэн видео бүтээлийг толилуулж байна.
Хадны зураг бол хүн төрөлхтний оюун санаа, уран сэтгэмжийн анхны илэрхийлэл төдийгүй түүх, соёлын “амьд архив” юм. Хад чулуунд сийлж, цохиж, зурж үлдээсэн дүрслэлүүд нь эртний хүний ертөнцийг үзэх үзэл, нийгмийн бүтэц, зан үйл, гоо зүйн мэдрэмжийг өнөө үед уламжлан хүргэдэг.
Хадны зураг дахь эмэгтэйчүүдийн дүрслэлүүд нь ихэвчлэн ерөнхий, тойм хэлбэртэй, нарийн деталь багатай ч хөдөлгөөний хэмнэл, дотоод эрч хүчийг тод илэрхийлдэг. Биеийн харьцааг энгийн гараа өргөсөн, бүжиглэж буй, алхаж буй, морь хөтөлсөн зэрэг хөдөлгөөнт байдал нь дүрслэлийн хэмнэл, давтамжийг бий болгодог аж.
