БНХАУ-ын Шанхай хотод багийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн олон улсын шатарчдын тэмцээн 4 дүгээр сарын 7-11-нд болно. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, ажиглагч орнуудын дунд 3 дахь удаагаа зохион байгуулж буй энэ тэмцээний 1 багт 2 эрэгтэй, 1 эмэгтэй шатарчин тоглоно. Энэ тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шатарчдыг энэ сарын 7-нд сонгон шалгарууллаа.
Эрэгтэй 14, эмэгтэй 12 шилдэг шатарчин Швейцар системээр 7 өрөг тоглоход эрэгтэйчүүдээс Үндэсний шигшээ багийн тамирчин, их мастер С.Билгүүн, “Гэгээн арвай” клүбийн тамирчин, фиде мастер Э.Баасансүрэн нар түрүүллээ. Эмэгтэйчүүдээс “Алдар” спорт хороо, “The MongolZ” болон Үндэсний шигшээ багийн тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул ШХАБ-ын багийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөх эрхээ авав. Тэдний бүх зардлыг ШХАБ хариуцах юм.
