Жолооч нар “Смарт кар” “Гэрэгэ” киоскт зориулан гаргасан тусгай системээр  торгуулиа төлнө  


Автомашины торгууль шалгадаг аппликэйшнүүд ажиллахгүй, киоск машинаар торгуулиа төлж болохгүй болсон нь иргэдийг бухимдуулсан. Энэ нь нэгдүгээр сарын 10-наас бүх төрлийн торгууль, зөрчлийн төлбөрийг нэгдсэн системээр авдаг болсонтой холбоотой гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тайлбарласан. Иймд жолооч нар одоогоор зөвхөн www.tpay.gov.mn сайт болон E-mongolia системээр л нэвтэрч, торгуулиа шалгах, төлбөрөө төлөх боломжтой болсон. Тэгвэл энэ асуудлын талаар Сангийн яамны зүгээс Зөрчил бүртгэлийн нэгдсэн системийг хөгжүүлэхтэй холбоотой ямар нэг тендер худалдан авах ажиллагаа зохион байгуулаагүй хэмээн мэдэгдлээ.

Энэ талаар Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Б.Цогбадрах хэлэхдээ

“2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хууль шинэчлэн батлагдсан. Мөн 2025 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль шинэчлэн батлагдсан. Эдгээр хуульд орсон өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газраас 2026 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Зөрчил бүртгэлийн нэгдсэн сан системийг ажиллуулж эхэлсэн. Ингэснээр урьд нь Замын хөдөлгөөний удирдлагын төв, ЦЕГ болон бусад улсын байцаагчийн Зөрчлийн тухай хуулиар ногдуулсан бүх төрлийн торгууль зөрчлийн шийтгэврүүд зөвхөн нэг санд төвлөрдөг болсон. Өөрөөр хэлбэл урьд нь ашиглагдаж байсан ЦЕГ-ын болон ЗХУТ-ийн системүүд ашиглагдахгүй. Харин зөвхөн УЕПГ-ын Зөрчил бүртгэлийн нэгдсэн санд зөрчлийн мэдээлэл бүртгэдэг болсон. Энэ өөрчлөлтөөс шалтгаалан “Гэрэгэ” киоск, Смарт кар компаниудын хөгжүүлсэн төлбөрийн хэрэгслээр төлсөн торгуулиуд амжилттай төлөгдсөн гэх боловч зөрчил бүртгэлийн нэгдсэн санд төлөгдөөгүй төлөвтэй байснаас шалтгаалан УЕПГ-аас энэ 2 байгууллагын алдаа дутагдлыг засуулахаар түр хугацаанд системээ зогсоосон байна. Tpay.gov.mn/ torguuli-pay/ торгууль-төлбөр, зөрчил бүртгэлийн нэгдсэн систем ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор прокурорын байгууллагаас арилжааны банкнуудад тодорхой мэдээлэл өгөөгүй.  Мөн И-монголиа системд нэвтрэх боломжгүй иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны  ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа санал гомдол ихээр ирж байгаа талаар албан бичгүүд удаа дараа ирүүлсэн.        Үүний дагуу ЦЕГ-ын torguul.police.gov.mn веб хуудсыг засварлан, шинэчилж зөрчил бүртгэлийн нэгдсэн системтэй холбон дуусах хүртэлх хугацаанд иргэний торгуулийн төлбөрийг УЕПГ-ын Зөрчил бүртгэлийн нэгдсэн системээс харуулах цонх үүсгэж хамтран ажилласан. 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр  УЕПГ-ын удирдлага болон Цахим хөгжил харилцаа холбооны яам, Сангийн яамны төлөөллүүд эдгээр хоёр байгууллагуудыг оролцуулан уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтын үр дүнд УЕПГ-аас зөрчил бүртгэлийн нэгдсэн системтэй холбогдох сервисийг гаргаж “Гэрэгэ” киоск болон “Смарт кар”-д тусгай системээр дамжуулан  зөрчлийн торгуулийг төлөх боломжоор хангахаар шийдэлд хүрсэн болно”гэлээ.

Торгуулийн төлбөрийн системүүд ажилаагүйгээс болж жолооч нар 14 хоногийн дотор торгуулиа төлбөл 50 хувь хөнгөлөгдөх боломжоо алдана гэсэн асуудал гарахгүй хэмээн мэдэгдлээ. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *