Метро барих гүйцэтгэгчийг сонгох тендерийг 5-р сарын 1-нд нээнэ 


“Улаанбаатар метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг хоёр багц болгон хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр багц 1-ийн тендерийг ирэх тавдугаар сарын 1-нд нээх бол багц 2-ын тендерийг энэ оны дөрөвдүгээр улиралд зарлахаар болсон байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр нээсэн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтад  оролцох хүсэлтээ илэрхийлсэн дэлхийн зургаан улсын нийт 27 аж ахуйн нэгж, байгууллагаас материал хүлээн авч байгаа аж.

Тендерийг EPC+F (Engineering, Procurement, Construction+Financing) нөхцөлөөр буюу гүйцэтгэгч нь инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх шаардлага тавьжээ.

Багц 1-ийн нийт төсөвт өртгийн 85 хувийг гүйцэтгэгч тал санхүүжүүлэх бол үлдсэн 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ. Энэ онд нийслэлийн төсвөөс “Метро”-г барих төслийн бүтээн байгуулалтын ажилд 110 тэрбум төгрөг зарцуулахаар баталжээ.

Метрог барих бүтээн байгуулалтын ажлын төсөвт өртөг нь 8,174,309,100,000/Найман их наяд гаруй/ төгрөг бөгөөд метрогоор зорчих үнийг 1,250-5,000 төгрөгөөр тогтоох тооцоолол гарчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *