XX зууны түүхэнд эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж, түүхэнд мөнхөрсөн эх орончид. Төр, нийгмийн томоохон зүтгэлтэн, зэвсэгт хүчний гарамгай удирдагч, Монгол Улсын цэрэг арми, батлан хамгаалах, Зэвсэгт хүчнээс төрсөн маршал хэмээх цэргийн дээд алдар цол хүртсэн Г.Дэмид, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын дурсгалд зориулсан “Тусгаар тогтнолын баталгаа – Монгол төрийн маршалууд” хүндэтгэлийн үзэсгэлэн толилуулна. Тус үзэсгэлэн Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болно.
Монгол цэргийн музейн сан хөмрөгөөс 3 маршалын цэрэг армийн үйл ажиллагааны түүхэнд холбогдох тушаал шийдвэр, гавьяа шагнал зэрэг архивын 60 гаруй баримт, гэрэл зураг, хувцас, эдлэл хэрэглэлийг дэглэн үзүүлэх юм. Мөн Батлан хамгаалахын төв архиваас нийт 20 орчим ховор баримт, нийт 150 орчим биет үзмэр, баримт материал сонирхуулна.
