Овог нэгтэй охид ижилхэн мөрөөдөлтэй байж болох л доо. Чинбатын охидын мөрөөдөл нь 1 сая жуулчин. Мөрөөдлөө биелүүлчихвэл мөрөөдөлгүй болчих гээд байсан юм байлгүй, Ч.Номин 1 сая жуулчин авчирч чадаагүй. Чадлынхаа хэрээр зүтгээд зүтгээд бараагүй. Мөрөөдлөө биелүүлэхээс илүү мөрөөдлөө мөнгө болгоход анхаарсан болохоор тэр биз.
Ч.Номинг сайд болохоос өмнө манай улсад жилд 500 мянга гаруй жуулчин ирдэг байсан бол ковидоос үүдэлтэй цар тахлын үеэр ямар ч жуулчин ирээгүй. 2020, 2021 онд гадаадаас ажлаар ирсэн хэдэн хүнийг жуулчин гэж бүртгэж аваад, тоо гаргасан. Дэлхий нийтээрээ тэр үед аяллаа зогсоож, амьд үлдэхээ л бодсон болохоор арга ч үгүй. 2021.01.29-нд Ч.Номин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд болоод, Монгол Улсад 1 сая жуулчин авчрахаар төлөвлөсөн ч 4 жил тэр мөрөөдлөө биелүүлж чадалгүй огцорсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч түүний амаар “1 сая жуулчин” гэж нэн их ярьсан даа.
Монголд ирсэн жуулчны тоо:
- 2018 онд 529.360
- 2019 онд 577.300
- 2020 онд 58.859
- 2021 онд 33.100
- 2022 он 290.400
- 2023 онд 651.061
- 2024 онд 808.956
- 2025 онд 847.170
“1 сая жуулчин” гэдэг мөрөөдлийг одоо Ч.Ундрам үргэлжлүүлж, түүнийг нь Ерөнхий сайд Г.Занданшатар дэмжин, Хөвсгөл, Булган, Архангай, Сэлэнгэ аймгийг Аялал жуулчлалын алтан гурвалжин гэж нэрлээд, 2026 онд 1 сая жуулчин авч, 1 тэрбум ам.доллар олох мөрөөдлөө ард иргэдтэйгээ хуваалцаж явна.
Мөрөөдөл биелэхгүй байхад олон хүчин зүйл нөлөөлсөн нь мэдээж. Үүний нэг нь талаар нэг тараасан салан задгай бодлого юм. БОАЖЯ байсаар байтал 2017 онд сайд Д.Оюунхорол “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨААТҮГ байгуулжээ. Тэр нь төрийн бодлого хэрэгжүүлэхийн оронд хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөж, аялал жуулчлалын салбарынхаа хөгжлийг уруу татсан гэдэг. Төртэй өрсөлдөх хүч, мөнгө, зүрх хувийнханд байхгүй нь мэдээж.
Тэгтэл Засгийн газар үүн дээр нэрмээс болох гэсэн мэт 2023.10.18-нд Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө тэргүүлэв. Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайд болоод, Аялал жуулчлалын хөгжлийн төвийг татан буулгах асуудлыг ЗГ-аар хэлэлцүүлж, 2024.01.25-нд шийдүүлжээ.
Тэгснээ БОАЖЯ-ыг 2024.07.24-нд татан буулгаж, ССАЖЗЯ байгуулан, Аялал жуулчлалын хөгжлийн төвийг 2025.02.19-нд сэргээн байгуулсан байдаг. Б.Бат-Эрдэнэ сайдын хэрэггүй гэж үзсэн төвийг Ч.Номин хэрэгтэй гэж үзсэн гэсэн үг. Б.Бат-Эрдэнийн үгээр Л.Оюун-Эрдэнэ тус төвийг татан буулгаад, жилийн дараа Ч.Номингийн үгээр дахин байгуулсан түүхтэй.
“Go Mongolia” гэж уриад, ямаа бэлэглээд, гадаадын нөлөөлөгч авчраад ийм л дүн тавиуллаа
Г.Занданшатарын Засгийн газар 2025.08.27-нд Аялал жуулчлалын хөгжлийн төвийг татан буулгасан. Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны Ажлын алба 12 хүнтэй. 2025 оны 10 дугаар сард ҮАГ-аас шалгалт хийхэд уг 12 ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан ч чөлөөлсөн тушаал, шийдвэр гараагүй, Ажлын албаны үйл ажиллагаа зогссон байдалтай байжээ. Аялал жуулчлалын салбарыг хэрхэн нааш цааш нь өнхрүүлж, дураа хүрэхээр даллаад, дургүйгээ хүрэхээр далд оруулчихдаг нь дээрх баримтаас илхэн.
Тэгвэл Азид аялал жуулчлалаар тэргүүлдэг, энэ салбараас өндөр ашиг олдог орнуудын аялал жуулчлал хариуцсан байгууллагуудын бодлого, тогтолцоо нь тогтвортой, хэрэгжүүлэгч байгууллагууд нь нягт хамтарч ажилладаг. Тухайлбал: БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллага (Korea Tourism Organisation) гэхэд 1962 онд байгуулагдсанаас хойш одоо болтол тасралтгүй ажиллаж байна. Сингапур улсын Засгийн газар 1964 онд Аялал жуулчлалын зөвлөл (Singapore Tourism Board) байгуулан, аялал жуулчлалын салбараа бодлогоор чиглүүлдэг. Тайланд улсын Аялал жуулчлал, спортын яам (Ministry of Tourism and Sports) 2003 оноос хойш тогтвортой ажиллаж байна.
Дэлхийн Эдийн Засгийн Форум жил бүр Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын судалгааг 71 үзүүлэлтээр хийж, улс орнуудыг эрэмбэлдэг. Уг судалгааны Аялал жуулчлалын хөгжлийн индексээр Монгол Улс 2021 онд 84-р байр эзэлсэн бол 2024 онд ухарч, 85-р байрт оров. “Go Mongolia” гэж уриад, ямаа бэлэглээд, гадаадын нөлөөлөгч авчраад ийм л дүн тавиуллаа.
Тэгэхээр Монголын төр засаг өөрөө бодлогоо тодорхой байлгаж, байгууллагуудаа тогтвортой ажиллуулах хэрэгтэй байна. Ерөнхий сайд нь хүртэл өчигдөр татан буулгасан байгууллагаа өнөөдөр буцааж байгуулаад, сольсон сайд бүрийнхээ үгээр бужигнуулаад байвал юун 1 сая жуулчин.
