Автомашины торгууль шалгадаг аппликэйшнүүд ажиллахгүй, киоск машинаар торгуулиа төлж болохгүй болсон нь иргэдийг бухимдуулсан. Энэ нь нэгдүгээр сарын 10-наас бүх төрлийн торгууль, зөрчлийн төлбөрийг нэгдсэн системээр авдаг болсонтой холбоотой юм. Иймээс жолооч нар одоогоор зөвхөн www.tpay.gov.mn сайт болон “E-mongolia” системээр л нэвтэрч, торгуулиа шалгах, төлбөрөө төлөх боломжтой байна. Тэгвэл www.tpay.gov.mn системийг Сангийн яамнаас тендер зарлаж хөгжүүлж буй гэх мэдээлэл үндэслэлгүй болохыг мэдээллээ.
Энэ талаар Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Б.Цогбадрах

“Сангийн яамны зүгээс зөрчил бүртгэлийн нэгдсэн системийг хөгжүүлэхтэй холбоотой ямар нэг худалдан авах ажиллагаа зохион байгуулаагүй. Өнгөрсөн 2025 оны долдугаар сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хууль шинэчлэн батлагдсан. Мөн 2025 оны аравдугаар сарын 7-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль шинэчлэн батлагдсан. Эдгээр хуульд орсон өөрчлөлтөөр Улсын ерөнхий прокурорын газраас 2026 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Зөрчил бүртгэлийн нэгдсэн сан системийг ажиллуулж эхэлсэн.
Ингэснээр урьд нь Замын хөдөлгөөний удирдлагын төв, ЦЕГ болон бусад улсын байцаагчийн Зөрчлийн тухай хуулиар ногдуулсан бүх төрлийн торгууль, зөрчлийн шийтгэврүүд зөвхөн нэг санд төвлөрдөг болсон. Өөрөөр хэлбэл, урьд нь ашиглагдаж байсан ЦЕГ-ын болон ЗХУТ-ийн системүүд ашиглагдахгүй. Зөвхөн УЕПГ-ын Зөрчил бүртгэлийн нэгдсэн санд зөрчлийн мэдээлэл бүртгэдэг болсон. Энэ өөрчлөлтөөс шалтгаалан “Гэрэгэ” киоск, “Смарт кар” компаниудын хөгжүүлсэн төлбөрийн хэрэгслээр төлсөн торгуулиуд амжилттай төлөгдсөн гэх боловч зөрчил бүртгэлийн нэгдсэн санд төлөгдөөгүй төлөвтэй байснаас шалтгаалан Улсын ерөнхий прокурорын газраас энэ хоёр байгууллагын алдаа дутагдлыг засуулахаар түр хугацаанд системийг нь зогсоосон байна.
Зөрчил бүртгэлийн нэгдсэн систем ажиллаж эхэлсэнтэй холбоотой Улсын ерөнхий прокурорын газраас арилжааны банкнуудад тодорхой мэдээлэл өгөөгүй. Мөн “И-монголиа” системд нэвтрэх боломжгүй иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа санал гомдол ихээр ирж байгаа талаар Улсын ерөнхий прокурорын газраас албан бичгүүд удаа дараа ирүүлсэн.
Үүний дагуу ЦЕГ-ын torguul.police.gov.mn вэб хуудсыг шинэчилж, Зөрчил бүртгэлийн нэгдсэн системтэй холбогдож дуусах хүртэлх хугацаанд иргэний торгуулийн төлбөрийг УЕПГ-ын Зөрчил бүртгэлийн нэгдсэн системээс харуулах цонх үүсгэсэн. Ингээд 3-р сарын 10-ны өдөр Улсын еерөнхий прокурорын газрын удирдлага болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Сангийн яамны төлөөллүүд тэдгээр хоёр байгууллагуудыг оролцуулан, уулзалт зохион байгуулсан. Уг уулзалтын үр дүнд Улсын ерөнхий прокурорын газраас Зөрчил бүртгэлийн нэгдсэн системтэй холбогдох сервисийг гаргаж “Гэрэгэ” киоск болон “Смарт кар”-аар зөрчлийн торгуулийг төлөх боломжоор хангахаар шийдэлд хүрсэн” гэлээ.
