УДЭТ-ын жүжигчин Г.Ганбатыг Time.mn онцолж байна. 2016 онд СУИС төгссөн тэрээр Төрийн шагналт, УДЭТ-ын дарга Н.Наранбаатарын шавь.
-Яагаад жүжигчний мэргэжилд дурлах болов. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Дарамсүрэн гуайн хүсэлтээр таны өвөө дуу оруулагч мэргэжил эзэмшсэн гэдэг. Магадгүй өвөө тань таныг жүжигчин болоход нөлөөлсөн үү. Гэхдээ л таны дотор урлагт тэмүүлэх нууцхан хүсэл байсан л байх?
-Багадаа би эмч болно гэж боддог байлаа. Эмээ маань гар бичээч, өвөө маань дуу оруулагч хүн. Би энэ 2 хүн дээр өссөн. Өвөө маань “Миний хүү, чи СУИС-д очоод шалгалт өгөөд үз. Миний ач, зээ нар дундаас урлагийн замыг үргэлжлүүлэх хүн нь чи юм шиг санагддаг” гэж хэлсэн юм.
Тэр үгийг сонсоод СУИС-д шалгалт өгсөн. Тэгэхэд 100 гаруй хүүхдээс 7 нь тэнцэж байлаа. Тэр мөч надад их урам өгсөн. Багадаа би ширээн дээр гарч суугаад ламын дүрд хувирч, гэрийнхэндээ адис өгдөг хүүхэд байсан гэдэг. Одоо бодоход тэр нь ч бусдын дүрд хувирах, өөрөөсөө өөр хүний дүрд тоглох дуртай зангийн маань нэг илрэл байж. Сонирхолтой нь, одоо манай охин ч бас над шиг янз бүрийн дүрд хувирч тоглох дуртай хүн байна.
-Охин тань том болоод жүжигчин болно гэвэл та хэрхэн хүлээж авах вэ. Урлагийн хүмүүс хүүхдээ жүжигчин болгохдоо төдийлөн дуртай байдаггүй гэдэг шүү дээ?
-Манай охин театрт их дуртай. Эхнэр бид хоёр аль болох хүүхдийн жүжиг үзүүлж, театрт ойр өсгөхийг хичээдэг. Гэртээ ирээд надтай хамт янз бүрийн дүрд хувирч, жүжиглэж тоглодог. Миний охиныг том болоход жүжигчин гэдэг мэргэжил үнэ цэнтэй болно байх аа гэж найдаж байна.

-Мартагддаггүй сайхан дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач?
-Театрын шалгалтад тэнцсэн тэр мөч миний хувьд мартагдашгүй дурсамж байдаг. Өвөө, эмээ хоёр руугаа утсаар ярихдаа би баярласандаа уйлсан. Тэгсэн эмээ маань “Яах вэ, миний хүү! Тэнцээгүй байж болно. Дараа жил дахиад боломж бий шүү дээ” гэж тайвшруулах гээд би “Үгүй ээ. Эмээ, би тэнцсэн” гэж хэлэх гээд чадахгүй, баярласан даа.
Дараа нь 2019 онд “Гэгээн Муза” наадмаас хоёр хүний жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. Шалгаруулалтын өмнөх шөнө бэлтгэлээ хийж байхад ээж маань “Өвөөгийн чинь бие гэнэт муудлаа” гэж хэлсэн. Би өвөөгийн гар дээр өссөн болохоор “Би явахгүй. Өвөөгөө сахиад үлдье” гэж хэлэхэд өвөө маань “Чи явж бэлтгэлээ хий. Ажлаа хий” гээд явуулсан. Тухайн үед хүний толгойд хамгийн түрүүнд муу зүйл л бодогддог юм билээ. Би дотроо “Өвөөгөө өнгөрөхөөс өмнө Муза авч ирнэ. Намайг жүжигчин болгохыг хүссэн өвөөгийнхөө ачийг хариулна” гэж бодоод явсан юм.
Хожим нь сонсоход, “Гэгээн Муза”-гийн үеэр намайг ярилцлага өгч байхад өвөө эмнэлгийн өрөөндөө телевизээр үзсэн гэдэг. Одоо өвөө маань “Миний хүү Муза авчирч, түүнд нь баярлаад өвөө нь босож ирсэн шүү” гэж ярьдаг. Би ч бас тэгж боддог.

-Та энэ 10 жилийн хугацаанд тоглохыг хүсдэг, шунаж дурласан дүрээ бүтээж амжив уу?
-Шуудхан хэлэхэд гаргаж амжаагүй л байна. 10 жил гэдэг хурдан юм аа. Мандсан зүйл алга. Гэхдээ хань ижил, аав ээжийнхээ хувьд хүү нь театрын жүжигчин болоод 10 жил тууштай, амжилттай ажиллаж байна гэдэг л хамгийн сайхан санагддаг. Мэдээж томоохон бүтээлүүдэд оролцсон. Тухайлбал: “Ромео, Жульетта” жүжгийн Меркуциогийн дүрд ажилласан. Энэ дүрийг өмнө нь Тодгэрэл ах маш чадварлаг бүтээсэн байдаг.
Харин “Анна Каренина” жүжгийн Алексей Вронскийгийн дүрд их шунаж дурладаг. Аз болоход энэ дүрд тоглох боломж олдож, удахгүй манай УДЭТ орон нутгийн тоглолтоор явах гэж байна. Тиймээс Вронскийгийн дүрдээ илүү сайн ажиллаж, өөрийн гэсэн Вронскийг бүтээхээр бэлтгэж байна.
-Та эсрэг дүрд тоглох дуртай гэсэн. Одоо тэр бодол хэвээрээ юү?
-Би ер нь “Жокер” шиг эсрэг талын дүрүүдээс их мотивац авдаг. Кино, жүжигт эсрэг дүр сул байвал бүтээл өөрөө амтгүй болчихдог. Үзэгчдэд ч сонирхолгүй санагддаг. Харин эсрэг дүр сайн байж, үзэгчдийг уурлуулж, үзэн ядуулах хэмжээнд хүргэж чадвал тухайн бүтээлийн хэлэх гэсэн санаа, эмзэглэл илүү тод гарч ирдэг. Тийм болохоор би эсрэг дүрд тоглох дуртай. Эсрэг дүр гэдэг жүжигчний ур чадвар, дотоод бэлтгэлийг үнэхээр сайн шалгадаг.
-Үргэлж эсрэг, эсвэл үргэлж эерэг дүрд тоглоод байхаар үзэгчид тухайн жүжигчинг тэр талын дүрээр хардаг болдог юм шиг санагддаг л даа?
-Тийм шүү. Зарим хүн намайг дэлгэц, тайзан дээрх дүрүүдтэй минь адилтгаад, амьдрал дээрээ ч бүтэхгүй, баян айлын хүү шиг зантай, дүртэйгээ таарсан гар гэж боддог юм билээ.
Үнэндээ бол би энгийн, дундаж айлын л хүүхэд. Гэхдээ хүмүүс тэгж харж, дүгнэх нь миний мэргэжлийн нэг хэсэг. Тийм болохоор тийм ч эмзэглээд байдаггүй.
-Сүүлийн үед ямар төрлийн дүрд тоглох хүсэл илүү төрж байна вэ?
-Сүүлийн үед бол яалт ч үгүй эерэг дүрд тогломоор санагдаж байна. Жишээ нь “Үгүйлэгдсэн хайр” жүжигт Болдоогийн дүрийг бүтээж байна. Энэ дүрд нийгэмд байдаг бараг бүх муу, болохгүй зан чанарыг шингээчихсэн. Сар шахам хугацаанд өдөр болгон хамаг муухай ааш, уур бухимдлаа гаргаж, орилж тоглоно гэдэг жүжигчний хувьд амаргүй. Ер нь хүнд дүрд удаан тоглохоор сэтгэл санаанд бага ч гэсэн ул мөр үлддэг. Энэ бол ялангуяа театрын жүжигчдийн хувьд их эмзэг сэдэв.
-Тус жүжгийн найруулагчаар таны багш Н.Наранбаатар ажилласан. Багштайгаа хамт ажиллахад ямар байдаг вэ?
-Багш, шавийн холбоо гэдэг хэзээ ч тасрахгүй. Гэхдээ багш маань уран бүтээл дээр хэзээ ч “Энэ миний шавь” гээд ялгаж ханддаггүй. Дүр сонгох, жүжигчдийг ажиллуулахдаа бүгдийг яг адилхан уран бүтээлчийн хэмжээнд хардаг. Тэр зарчмаар нь би их бахархдаг.
Үнэнийг хэлэхэд, анх сургуулиа төгсөөд “Багш маань өдий олон жил хажууд нь явсан намайг нэг удаа ч гэсэн гол дүрд тоглуулчихгүй юм байх даа” гэж дотроо боддог л байлаа.

-Театрын жүжигчин болно гэж мөрөөдөх нэг хэрэг. Харин тогоонд нь орж, жаргал, зовлонг нь биеэр мэдрэх өөр л дөө?
-Дөнгөж оюутны ширээнээс өлгийдөж авсан театр минь энэ. 4 жил номын дууг нь сонсож, гарч ирээд практик дээр бүх зүйл орвонгоороо эргээд л сэтгэл санаагаар навс унасан. Анх энэ театрт ажилд орж байхад “Хасар” Жагаа ах, Сайнаа эгч, Цэрэндагва, Мягмарнаран гуай, Баатар найруулагч гээд бүх томчууд байсан. Баатар найруулагчийн сүүлийн жүжгэнд тоглосон. Би их азтай бас эртний хүн. Яг үнэндээ СУИС-ийн ширээнээс Ардын жүжигчин төгсөж байгаа шүү дээ. Театрт ороод хөрсөн дээрээ бууж, бүх зүйл тэгээс эхэлдэг. Өөрийгөө сайшаасан гэхээс илүү чамласан өдрүүд олон байсан.
-Та театрт нэлээд олон жил ажиллаж байна. Ер нь театрт хүнийг “хоргодуулж” үлдээдэг зүйл нь юу вэ?
-Театрт хоргодох шалтгаан маш олон бий. Гэр бүлдээ зарцуулах цагаасаа илүүг ажилдаа зарцуулдаг хүмүүс. Арван жил хамт байсан найзаасаа холдохыг хүсэхгүй. Хамт олон гэдэг маш нандин хоргодох зүйл. Танхим дүүрэн үзэгч чим чимээгүй, хүмүүсийн анхаарал зөвхөн над дээр туссан үед бид жүжиглэдэг. Миний мэдрэмжийг үзэгчид давхар мэдэрч байгааг би мэдэрдэг. Тэр нандин мэдрэмж үнэхээр гоё. Хүн шунаж, дурлаад, үүрд энэ мэдрэмжийг мэдэрч амьдармаар санагддаг. Мөн УДЭТ-ын залгамж халаа болох гэдэг нь миний хувьд нэр төрийн хэрэг.

-Хүний хүсэл гэдэг хязгааргүй. Мөрөөдсөн зүйлээ биелүүлчхээд ахиад мөрөөддөг. Түүнтэй адил цаашид ямар бүтээлд дүр бүтээхийг хүсэж байна вэ?
-Хүн болгон л эерэг сайн хүн байхыг хүсдэг. Муу хүн болохыг хэн ч хүсдэггүй шүү дээ. Түүнтэй адилхан хэн ч хүсдэггүй зүйлийг түрүүлээд барьж авахыг хүссэн. Тэр нь надад хэрэгтэй гэж бодсон. Кино урлагт инээдмийн эерэг дүрд тоглохыг хүсэж байна. Түүхэн кинонд дүр бүтээхийг хүсдэг. Жүжигчин хүн болгон түүхэн дүр бүтээхийг хүсдэг байх. Үнэхээр гоё, түүхэн дүр байвал цалин мөнгө хамаагүй. Дүр төрхөө үлдээх нь сонирхолтой.
-Ер нь яагаад жүжигчид түүхэн кинонд дүр бүтээхийг хүсдэг юм бол. Үүнд шалтгаан байгаа байх л даа?
-Түүхэн дүрд хүний сэтгэл их үлддэг. Дараа “Би энэ хүний дүрд тоглож байжээ” гэж бодон, санаж дурсахад их бэлгэшээлтэй.
