“Миний тайз–VI” өсвөрийн гоцлол бүжигчдээ тодрууллаа


Монгол Улсын Консерваторын Бүжгийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг МУУГЗ, дэд профессор Н.Оюуны нэрэмжит өсвөрийн гоцлол бүжигчдийн “Миний тайз–VI” уралдаан 2026 оны 3 дугаар сарын 12–13-нд амжилттай зохион байгуулж, авьяас билэг, ур чадвараараа өрсөлдсөн шилдэг оролцогчид тодорлоо.

Энэ удаагийн уралдаанд сонгодог бүжиг, ардын бүжиг, контемпорари гэсэн гурван төрлөөр нийт 74 өсвөрийн гоцлол бүжигчин оролцож, тайзнаа өөрсдийн уран чадвар, хөдөлгөөний гоо зүй, тайзны мэдрэмжийг гайхалтай илэрхийлэн өрсөлдсөн юм.

“Миний тайз” уралдаан нь ирээдүйн авьяаслаг бүжигчдийн ур чадварыг хөгжүүлэх, уран бүтээлийн эрэл хайгуулыг дэмжих, өсвөр үеийнхний тайзны соёл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой бөгөөд жилээс жилд оролцогчдын чансаа, уран бүтээлийн түвшин улам өсөж байгааг шүүгчид онцлон тэмдэглэлээ.

Энэ удаагийн уралдааны шүүгчээр Н.Оюун (МУУГЗ, дэд профессор), Дугаржапов Д.В (СУИС-ын профессор багш, Соёл судлалын ухааны доктор (Ph.D), ОХУ-ын Буриад улсын vоёлын гавьяат зүтгэлтэн) ажиллажээ. Мөн МУСТА,Нийслэлийн Улаанбаатар театрын гоцлол бүжигчин, олон улсын уралдааны тэргүүн байрын шагналт Б.Норовбанзад, А.Эрдэнэболд МУСТА, ДБЭТ-н Тэргүүн гоцлооч нар ажиллалаа.

Уралдааны Гран-при шагналын эзнээр Ардын бүжгийн тэнхимийн 11г ангийн сурагч Ц.Анхбаяр тодорлоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *