Англи улсын Кэмбриж хотын Монгол соёлын холбоо Монгол-Британийн боловсрол, соёлын харилцааны түүхэн гэрч болсон морин хуурыг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яаманд хадгалуулжээ. Эл морин хуурыг 1980-аад онд Кембрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төвийг үүсгэн байгуулагч, профессор Каролайн Хамприд Монгол Улс дурсгажээ. Түүнийг олон жилийн турш Кэмбрижийн их сургуулийн Кингс коллежид хадгалж байгаад, 2025 онд Монгол соёлын холбоонд шилжүүлэн өгсөн байна.
Монгол соёлын холбооны тэргүүн Э.Цэцэгдулам энэ ширэн цартай, нарийн өвөрмөц хийцтэй хуурыг Монголд урласан газарт нь хүргүүлэн дахин сэргээн засуулжээ. Тэрээр уг хуурыг хоймортоо залж, олон нийтэд зориулан эгшиглүүлж байхыг ерөөн Элчин сайд Б.Энхсүхэд хүлээлгэн өгөв.

