Танхимынхаа 2 сайдаар туг тахисан Г.Занданшатарын Засгийн газар бүрэлдэхүүнээ сэлбэснээр ажлаа хэвийн үргэлжлүүлж байна. Өөрсдийн хүсэлтээр ажлаа өгсөн гэх П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн нарын хувьд улс төрийн шахалт байгаагүй хэмээн аман дээрээ мэдэгдэж байгаа ч салбар салбартаа сайн ажилласнаа дор бүрнээ илэрхийлсэн ярилцлагыг олон хэвлэлд өгөөд байна. Энэ нь ажлын хариуцлага алдаагүй гэдэг давхар агуулгыг олон нийтэд дайж буй хэлбэр бололтой.
Боловсролын сайдын сэнтийгээс бууж байгаа П.Наранбаярын хувьд “Сэтгэлд хөндүүр, товчхондоо гэнэтийн энэхүү шийдвэрт гомдолтой байна” гэдгээ илэрхийлсэн бол Б.Чойжилсүрэнгийн хувьд ямар нэгэн гомдол цухал хараахан гаргаагүй байгаа юм.
