“Be cause I am boy” 1000 хөвгүүдийн чуулган өнөөдөр болж буй. Тус чуулганыг Монголын сайн дурынхны төвөөс 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн тухайд эрэгтэй хүүхэд хатуу чанга байх ёстой гэх хэвшмэл ойлголтыг өөрчлөх, хөвгүүдийн сэтгэл зүйн боловсрол болон тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх түвшинд хүргэх зорилготой. Монгол Улсад хөвгүүдийн хөгжил, хамгааллын асуудал нь чимээгүй хямрал болсныг хүний эрхийн мэргэжилтнүүд онцолсон.
Тодруулбал, Монголын сайн дурынхны төв болон, Хүний эрхийн комисс, Жендерийн үндэсний хорооны гаргасан судалгаанаас үзэхэд, Өсвөр насны хөвгүүдийн дунд амиа хорлолтын түвшин охидоос 3-4 дахин өндөр. Энэ нь эрэгтэй хүн уйлж болохгүй хүнд хүчрийг даван туулах ёстой гэх нийгмийн шахалтаас улбаатайг мэргэжилтнүүд онцолсон. Цаашлаад Ерөнхий боловсролын ахлах анги болон дээд боловсролын түвшинд хөвгүүдийн эзлэх хувь охидоос 20-30 хувиар бага байгаа гэх судалгаа гарчээ. Иймд өсвөр үеийн хөвгүүдийн хөгжил, оролцоог дэмжих замаар тэднийг эерэг хандлагатай, хариуцлагатай, мөн асуудлаа нуулгүй бусдад ярьдаг нээлттэй байх нийгмийн орчныг бүрдүүлэхэд оршиж байна.
