Эрчим хүчний салбарынхан УИХ-ын гишүүдэд ил захидал илгээж, ажил хаяхаа мэдэгдлээ


2026-2027 оны хамтын үнийн хэлэлцээр, эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах асуудлаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарт үүссэн асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Эрчим хүчний салбарынхан хэлэлцээрт тулгуурлан, цалинг 30 хүртэлх болон түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, мөн цалин тооцох итгэлцүүрийг хууль, дүрэм журмын дагуу тооцдог болох гэх мэт 12 заалт бүхий санал гаргасан ч хэлэлцээрт хүрээгүй тул ажилт хаялт зарлахаа мэдэгдлээ.

Эрчим хүчний салбарынхан Засгийн газарт хандахаас өмнө хоёр удаа хэлэлцээрийн ширээнд суужээ. Гэвч ЭХЯ “Эрчим хүчний үнийг нэмээгүй тул цалин нэмэхгүй” гэх байр суурь илэрхийлжээ. Иймд ажил хаялт зарлах мэдэгдлээ Засгийн газарт хүргүүлэхээ мэдэгдээд буй. Харин орон нутаг болон нийслэлийн томоохон станцуудын ажилчдын төлөөлөл дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын үүрэг гүйцэтгэгч А.Дагвадорж:

-2025 оны 10-р сарын 9-нд “Ажилчдаа сонсъё” уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр бид эрчим хүчний салбарын ажилчдын цалин Соёлын яам, улсын төсвөөс 2 дахин бага байгаа талаар мэдээлсэн. Соёлын салбарын төсөв 510 тэрбум байгаа юм. Өнөөдрийн нөхцөлд эрчим хүчний салбарынхан 1 сая 500 мянган төгрөгт хүрэхгүй цалин авдаг. Зарим нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалинтай. Эрчим хүчний салбарын ажилтан, албан хаагчдын 80 орчим хувь нь хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд ажилладаг. Эрчим хүчний салбарын ажилчдын цалин, нийгмийн баталгааг хангах асуудлаар УИХ-ын гишүүдэд ил захидал шаардлага хүргүүлнэ.

Дархан-Уул аймгийн ДЦС-ын ҮЭ-ийн дарга Ж.Хүдэр:

-Манай станц 470 орчим ажилтантай. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд банкны зээлээр цалингаа олгож байна. Цалинд сард тэрбум орчим төгрөг зарцуулдаг. Үүнээс болж станц алдагдалд орж байгаа. Мөн ажилчид тогтохгүй, хувийн хэвшил рүү явах боллоо. Иймд ажилчдын цалинг нэмэхийг шаардаж байна.

М.Энхнаран: “ДЦС-3” ТӨХК-д осол гараад  жил болоход эрсдэлтэй хэвээр байна

-ДЦС- 3” ТӨХК-д осол гараад жил болоход өнөөдөр аюултай нөхцөлд ажилчид ажиллаж байна. Манай станц дулааны эрчим хүчээ 23 мянган төгрөгөөр үйлдвэрлэж, 3000 хүрэхгүй төгрөгөөр зардаг. Энэ алдагдлын эрсдэлийг ажилчид үүрч байгаа. Үндсэндээ алдагдлыг бид ажилчдын цалин, их засварын мөнгөнөөс нөхдөг.

Ингэхлээр хангалттай их засвар хийж чадахгүй нөхцөл үүсэж, цаашлаад ажилчид аюултай орчинд ажиллах эрсдэл нэмэгдэж байгаа. Энэ жил бид өвлийг маш өндөр ачаалалтай ажиллаж давсан. Хүнд нөхцөл байдал удаан үргэлжилбэл ирэх өвөл дахин нийслэлчүүд эрчим хүчээ хязгаарлуулна.

Алдагдалд хүргэж байгаа олон хүчин зүйл байна. Үүнийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал: “Эрчист Монгол” ХХК-ийн 2,5 тэрбумыг төрийн өмчит компаниуд төлөх байх. “Эрчист Монгол” 60 мянга гаруй ажилтантай. Тэдний ажилгүйдлийн тэтгэмж бидний цалингийн зардлаас гарна. Засгийн газрын эргэж, буцсан шийдвэрүүдээс болж бид хохирч, эрсдэл үүрч байгаа. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *