Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга өрнөнө. Тодорхой хэлбэл Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд танхимаасаа Боловсролын сайд, Эрчим хүчний сайд нарыг чөлөөлж, дараагийн сайд нарыг томилж байгаагаа парламентад танилцуулах юм. Өчигдрийн засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний сайдад Б.Найдалааг нэр дэвшүүлж, харин Боловсролын сайдад Л.Энх-Амгаланг томилохоор шийдсэн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулсан билээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан зөвхөн өнөөдөр төлөвлөгдсөн бөгөөд баасан гарагт хурлын тов гаргаагүй байна. Засгийн газрын гишүүдийн томилох чөлөөлөх асуудлаас гадна чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр товлоод байна. Үүнд:
- Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2025.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлт /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
- Бусад
