NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор ажлаа өгч буй Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн оролцлоо. Ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе.
-Оройн мэнд үзэгчид ээ! “Лхагвын тойм”-ын шинэ дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор Эрчим хүчний сайдын ажлаа хүлээлгэн өгч байгаа Баттогтохын Чойжилсүрэн оролцож байгаа юм. Оройн мэнд!
-Оройн мэнд.
-Сайдын ажлаа өгчихсөн гэж ойлгож болох уу?
-Өргөдлөө өгсөн. Гэхдээ чуулганд танилцуулаагүй байгаа учраас яг чөлөөлөгдөөгүй байна.
-Та бидний ярилцлага эрчим хүчний салбарын тухай өрнөнө. Бид хаана байгаа, хашаа явах юм? Эрчим хүчний салбар дан ганц Б.Чойжилсүрэнгийн асуудал эсвэл ганц 1 салбарын асуудал биш. Энэ бол манай улсын хөгжил дэвшил, иргэдийн амьдрал гээд олон зүйлтэй холбоотой учраас ярилцлагад орооч хэмээн таныг олон удаа урьсан. 2 жилийн турш урилга өгч байж8 яг ажлаа өгөх үед нь ярилцах боломж тохиолоо. Бодлогын алдаа, оноо юу байгаа талаар дэлгэрэнгүй сайхан яриад өгөөрэй гэж хүсье!
-Танай эфирийг ашиглаад үзэгчдэдээ гал морин жилийн мэнд дэвшүүлье! Өнгөрсөн 7 хоногт Ерөнхий сайдад ажлаа өгөх хүсэлт бүхий өргөдлөө өгсөн. Ойрын хугацаанд холбогдох шийдвэрүүд гарах болов уу. 3-р сарын 16-нд хаврын чуулган нээлтээ хийсэн. Нээлтийн дараа хэвлэлийнхэн нэлээд олон удаа энэ талаар надаас асуусан. Би тухайн үед ордны коридорт зогсож байгаад хийсэн ажлаа ярихыг төдийлөн хүсээгүй. 3 жил хагас салбарыг удирдсан хүний хувьд ажлын тайлангаа тавих ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Хийсэн ажлаа илэн далангүй ярих бололцоо олгосон NTV телевизийн хамт олон болоод сэтгүүлч Лхагваа чамд баярлаж байгаагаа илэрхийлье!
-Баярлалаа.

-За, би Эрчим хүчний сайдаар 36 сар ажиллалаа. 3 жил хагасын хугацаанд 3 удаа томилогдлоо. 2022 оны 8 сард анх удаа томилогдсон. 2024 онд УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газарт мөн улиран томилогдсон. Үүний дараа 2026 оны 6-р сард байгуулагдсан Г.Занданшатарын Засгийн газарт мөн Эрчим хүчний сайдаар 3 дахь удаагаа томилогдон ажиллалаа. Ажилласан хугацаагаа бодвол багагүй хугацаа. 2022 оны 8-р сараас хойших эрчим хүчний салбарын алдаа оноо, амжилт ахилт болгон надтай салшгүй холбоотой гэж би ойлгож байгаа. Энэ хугацаанд эрчим хүчний салбарыг толгойлж ажилласан хүний хувьд алдаа, оноог ч би үүрнэ. Хариуцлагаа ч хүлээнэ. Амжилт байсан бол түүнээс нь ч хуваалцах болно.
-За, баярлалаа. Таны сандал тухтай байна уу? Манай үзэгчид өмнөх зочны ярилцлагын үеэр сандал эвдэрсэн тухай их санаа тавьсан байсан?
-Өө зүгээр байна, зүгээр байна.
-Тэгвэл үргэлжлүүлье. Эрчим хүчний сайдын албанаас огцрох өргөдлөө өөрөө өгсөн. Энэ тухай асуумаар байна. Өмнө нь олон удаа иргэд, олон нийт, намуудаас эсэргүүцэл ирж байсан. Тэр үед огцрох өргөдөл өгөөгүй хэр нь яагаад заавал одоо өгч байгаа юм бэ?
-2026 оны 1-р сарын 15-наас өнгөрсөн өвлийн хамгийн хүйтэн өдрүүд тохиосон. Эрчим хүчний салбар хүчин чадлын дутагдалд ороод хязгаарлалт хийж эхэлсэн. Бүтэн 1 сарын хугацаанд буюу 1-р сарын 16-наас Цагаан сар болтол гэж тооцохоор. Энэ хугацаанд бишгүй олон шүүмжлэл, дайралт ирсэн. Тэр шүүмжлэл, дайралттай холбоотойгоор ажлаа өгчихье гэдэг саналыг би Ерөнхий сайдад тавьж байсан л даа. Ерөнхий сайд бол ахиад 1 сар оролдоод үз. Өргөдлийг чинь авмааргүй байна гэдэг хариу санал тавиад явсан л даа.
-Та өөрөө бол аль 1 сард өргөдлөө өгч огцоръё гэж Ерөнхий сайдын өрөөнд орсон юм уу?
-Орсон юм. Намынхаа удирдлагуудад ч тэр, Ерөнхий сайдад ч тэр “Ажлаа өгье” гэдгээ хэлж байсан. Шалтгаанаа би одоо тайлбарлая. 2022 онд би сайдын ажлыг авч байхад Монгол Улсын эрчим хүчний салбар ямар байв? Өнөөдөр ямар байдалтай ажил хүлээлгэж өгч байгаа вэ гэдгээ чамд би товчоор арван хэдэн минутад багтаагаад ярих бодолтой байна.
-Арван хэдэн минут урт хугацаа шүү. Гэхдээ эрчим хүчний салбар гэдэг өнөөдрийн бидний амьдралын чухал хүчин зүйл. Метро, үйлдвэржилт, томоохон төслүүд эрчим хүчний салбарын хөгжилгүйгээр урагшлах бололцоогүй. Тиймээс эрчим хүчний салбар ямар байсан юм? Одоо ямар болов? Цаашдаа яах вэ гэдэг асуултыг таниас асууя?
-Би ярих юм аа цаасан дээрх баримтуудтай нь бариад ирсэн. Гэхдээ би 3 жил гаруй ажилласан учраас цаасан дээрх зүйлс цээжинд байна. Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний 4 систем улсын хэмжээнд ажиллаж байгаа. Хоорондоо холбогдож чадаагүй. Баруун бүсийн эрчим хүчний систем буюу Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Төвийн эрчим хүчний систем гээд. Эдгээр 4 эрчим хүчний системийн оргил ачааллын чадлын дээд хэмжээ намайг ажил хүлээн авч байхад 1400 орчим мегаватт байсан юм. 2025-2026 оны өвлийн оргил ачааллын дээд хэмжээ 1967 мегаватт болж байгаа. Тухайлбал өнөөдөр баруун бүсийн маань дээд хүчин чадал 61,5 мегаватт боллоо. Алтай-Улиастайн станц 26,8 мегаватт, Төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачаалал 1803 мегаватт болсон. Дорнод бүсэд 81,5 мегаватт болсон байгаа. Одоогоор ийм нөхцөл байдал үүсээд байна.
Би Эрчим хүчний сайдаар 36 сар ажиллалаа. 3 жил хагасын хугацаанд 3 удаа томилогдлоо.
Намайг эрчим хүчний сайдаар ирэхэд эрчим хүчний системийн бүх төсөл гацааны байдалд орсон байсан. Баруун бүсийн эрчим хүчний системээс эхлээд ярих юм бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл улстөржилтөөс болоод зогсчихсон байлаа. 2022-2023 оныг дуустал бүтэн дамнуулаад эсэргүүцээд байсан иргэдтэй хэл амаа ололцсон. Хятадын “Экзим” банктай зээлийн тусгай хэлэлцээр байгуулаад явж байна. Төсөл одоогоор 20 хувийн гүйцэтгэлтэй. 2029 онд баруун бүсийн эрчим хүчний системд эрчим хүч нийлүүлээд эхлэх байх. Түүнээс гадна Мянгатад 11 мегаваттын нарны цахилгаан станц, дахиад 20 мегаваттаар өргөтгөх ажил хийгээд явж байна. Увс аймгийн Өмнөговь суманд 30 мегаваттын нарны цахилгаан станц, 25 мегаваттын буюу оргил ачааллын үед 4 цаг гаргах батерей хураагуур ашиглалтад ороод явж байгаа. Ерөнхийдөө баруун бүсийн эрчим хүчний тухай 2029 он гэхэд импортын хамаарлыг арилгаж, дотоодоосоо бүрэн эрчим хүчээр хангах бололцоо бүрдэнэ гэж ойлгож болно.
-Хамгийн их импортоор цахилгаан авч буй хэсэг шүү дээ.
-Алтай-Улиастайн эрчим хүчний системийн тухайд Эрдэнэтээс гараад хойшоо Мөрөн, урагшаа Тэлмэн ороод Улиастай, цаашаа Говь-Алтайн Есөнбулаг хүртэл явдаг. 110 км-ийн 1000 гаруй км урт шугам байсан юм. Хүчдэлийн уналт өндөртэй, шугамын алдагдал ихтэй. Энэ шугамыг голоос нь Тосонцэнгэл сумд 22 мегаваттын дулаан цахилгаан станц ашиглалтад оруулаад ямарч байсан хүчдэлийн уналт гэдэг асуудлыг шийдвэрлэсэн байдалтай байгаа. Дорнод бүсийн эрчим хүчний системийн тухай ярья. Намайг ажил авч байхад Дорнодын цахилгаан станц 36 мегаваттын хүчин чадалтай байсныг 50 мегаваттаар өргөтгөсөн. 2024 оны 5-р сард сүлжээнд холбосон. Дорнод бүсийн эрчим хүчний систем урд нь 100 жилийн хугацаанд 36 мегаваттаар хэрэглээ нь болоод хангаад байдаг байсан бол ганцхан жилийн дотор хэрэглээ 81 мегаватт болж өсөж байгаа. Төвийн бүсийн эрчим хүчний системийн тухайд намайг ажил авч байхад оргил хэрэглээ 1300 гаруй мегаватт байсан бол сүүлийн 4-5 жилийн дотор жилд дунджаар 12 хувиас доошгүй өсөх болсон. Ингэсээр 1803 мегаватт хүрчхээд байна.
-Үүнээс болж сүлжээ ачааллаа дийлэхгүй унасан байна тийм үү?
-Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үе буюу 1-р сарын 16-ны орой л доо.
Улсын хэмжээнд нийтдээ суурилагдсан хүчин чадал 1400 орчим мегаватт байсан бол би ажил авснаас хойш 600 орчим мегаваттын эх үүсвэрийн системийг нэмж холбосон байна. Баруун бүсэд 90 мегаваттын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил эхэлсэн ч ашиглалтад ороогүй байгаа.
Намайг эрчим хүчний сайдаар ирэхэд эрчим хүчний системийн бүх төсөл гацааны байдалд орсон байсан.
Тосонцэнгэл суманд байгаа 22 мегаваттын дулааны цахилгаан станц ашиглалтад орчихсон. 3 дахь төсөл бол Бөөрөлжүүтийн цахилгаан станц. 2022 оны 9 сард шаваа тавьж байсан бол эхний 150 мегаваттын блок 2024 онд сүлжээнд холбогдсон. 2 дахь 150 мегаваттын сүлжээ 2025 онд холбогдсон. Нийтдээ 300 мегаваттын төсөл гэсэн үг. Үүний дараа баттерей хураагуурын 3 төсөл ашиглалтад оруулсан. Сонгино дэд станц дээр 80 мегаваттын хүчин чадалтай баттерей хураагуурын станц, Багануур дэд станцын хажууд 50 мегаваттын хүчин чадалтай станц, Өмнөговь аймгийн Эрдэнэ суманд 30 мегаваттын хүчин чадалтай хувийн хэвшлийн станц холбосон. Ингээд Төвийн бүсийн эрчим хүчний системд 300 мегаватт, нэмэх нь 150 мегаватт гээд 450 мегаватт болж байгаа биз?
Түүний дараа Сэлэнгэ аймгийн төвд 70 мегаваттын цахилгаан станцын барилга угсралтын ажил ерөнхийдөө дуусаж байна. Ойрын хугацаанд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхлэх байх. 70 мегаваттын хүчин чадалтай. Тэгэхээр төвийн бүсдээ 520 мегаватт, баруун бүсдээ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг тооцох юм бол 90 мегаватт, Алтай-Улиастайн эрчим хүчний системд 22 мегаватт, Дорнод бүсийн эрчим хүчний системд 5 мегаваттын эрчим хүчний шинэ эх үүсвэр орууллаа гэсэн үг. Сүүлийн 3 жилийн хугацаанд.
-650-660 болчхож байна уу?
-700 орчим мегаватт болох байх. Ингээд байхад сая хэрэглээний өсөлтийг дийлэхгүйгээр айхтар том шүүмжлэлд өртөж байна шүү дээ. Үүнээс гадна ахиад 2026, 2027, 2028 онд гэрээгээ хийгээд, санхүүжилтээ босгочихсон хэд хэдэн төсөл байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 3, 4-р блок. Сая би 1, 2-р блокийг хэлсэн дээ. Сүүлийн 3, 4-р блокийг 2028, 2029 оны эхний хагас гэхэд 300 мегаваттаар хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
Үүний дараагийн төсөл бол Төв аймгийн Баян суманд 600 мегаваттын цахилгаан станцын барилга угсралтын ажил 2024 онд эхэлсэн. 2027 оны наадмын үеэр эхний блок, мөн оныхоо төгсгөлөөр 2-р блок нь ашиглалтад орох байх. 660 мегаваттын хүчин чадалтай төсөл эхэлж байгаа юм. Түүнээс гадна Шивээ-Овоогийн уурхайн хажууд Шивээгийн цахилгаан станц гээд яг энэ Төв аймгийн Баян суманд барьж байгаа цахилгаан станцтай ижил хүчин чадалтай 330 мегаваттын 2 блок станцын барилга угсралтын ажил эхэлж байна. 2028 ондоо багтаад эхний блок, 2029 оны эхний хагаст 2-р блокоо ашиглалтад оруулах төлөвлөгөөний дагуу ажил явж байгаа.
ТЭЦ-5 төслийн тухай яригдаж байна. Энэ төсөл цахилгааны 300 мегаваттын хүчин чадалтай, дулааны 340 мегаваттын хүчин чадалтай. Үүнийг би Эрчим хүчний сайдаар томилогдож ирээд техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад, ТЭЦ-2-ын үнсэн сангийн талбайг чөлөөлөөд, төслийг хэрэгжүүлье гэдэг санал боловсруулсан.
Түүнчлэн нийслэлийн Засаг даргын тамгын газарт ТЭЦ-5 төслийн тухай яригдаж байна. Энэ төсөл цахилгааны 300 мегаваттын хүчин чадалтай, дулааны 340 мегаваттын хүчин чадалтай. Үүнийг би Эрчим хүчний сайдаар томилогдож ирээд техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад, ТЭЦ-2-ын үнсэн сангийн талбайг чөлөөлөөд, төслийг хэрэгжүүлье гэдэг санал боловсруулсан. Хотын дарга “Монголын талын хөрөнгийг нийслэлийн төсвөөс шийдэх бололцоо байна” гэхээр нь хот руу шилжүүлж өгсөн.
Ерөнхийдөө одоо байгаа хэрэглээ 1803 мегаватт. Сая ашиглалтад орсонтойгоо нийлээд, байгаа хүчин чадлын хэмжээ. Ахиад ойрын хугацаанд 2500 орчим мегаваттын хүчин чадалтай болгох барилга угсралтын ажлуудыг эхлээд явж байгаа. Түүнчлэн санхүүжилтээ босгоод явж байгаа манай яамны хэд хэдэн төсөл бий. Тухайлбал 2025 онд босгосон Тавантолгойн дулааны цахилгаан станцын тендэр зарлаад, их удсан шүү дээ. 2 компани хоорондоо шүүхдээд бүтэлгүйтсэн. Төв аймгийн Тэвшийн говь гээд Баян, Баянжаргалан сумын нутагт Нялга-Чойрын нүүрсний бассейн гэж байдаг даа. Багануураас Чойрын хооронд. Тэнд Монгол Улсын хүрэн нүүрсний хамгийн том нөөц байгаа. Ойролцоогоор 7-8 уурхай бий. Энэ ордод 10 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөц батлагдсан байдаг. Ийм ажлууд Тэвшийн говь дээр ч явж байна.
Төв аймгийн Баян-Өнжүүл суманд ч 300 мегаваттын төсөл явж байгаа. Одоо бас Засгийн газрын тогтоолоор Тавантолгойн цахилгаан станц гэх мэт ярианы түвшинд байгаа төслүүдийн зөвхөн санхүүжилт нь босоод Эрчим хүчний яам, Деспетчерийн үндэсний төвтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан төслүүдийн тухай ярихад 2860 мегаватт болно. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд тодорхой бэрхшээл байсан. Одоо бидний хэрэглээ 1803 мегаватт байгаа боловч шинээр цахилгаан эрчим хүчинд холбуулах хүсэлт гаргаад, дэмжигдчихсэн нийт хэмжээ 1 гегаватт буюу 1000 мегаватт давчихсан. Техникийн нөхцөл нь бүрдээд, хүсэлт гаргачихсан 2100 мегаваттын хэрэгцээ байна. Хүсэлтүүдийг нийлүүлж тооцвол 3200 мегаваттын хүчин чадлын эх үүсвэр шаардлагатай байгаа.
-Одоо шаардлагатай байгаа эрчим хүчний хэмжээ 3,2 гегаватт гэсэн үг үү?
-3,2 гегаватт.
-Гэтэл одоо манайх дөнгөж 1,9 хүргээд унагаж байгаа биз дээ.
-1,8 гегаватт шүү. Одоо байгаа хэрэглээгээ бид ойрын хугацаанд нийлүүлж чадвал 2,6 дахин нэмэгдэнэ. Хуучин байсныгаа нэмэх юм бол 3,6 дахин нэмэгдэнэ. Ийм төвөгтэй мөртөө сонирхолтой хөгжлийн цаг үед бид амьдарч байна.
Эх үүсвэр талдаа би ийм ажлуудыг эхэлсэн байна, цахилгаан станцуудын тухайд. Цахилгаан станцуудад үйлдвэрлэсэн эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэхийн тулд, айлын разетканд тог авч ирэхийн тулд дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөх шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 8 орчим их наяд төгрөгийн дүнтэй шугам сүлжээний өргөтгөл эхэлсэн. Тухайлбал эхнийх нь Чойр-Сайншандын 220 киловольтын цахилгаан дамжуулах агаарын шугам. Европын сэргээн босголт хөгжлийн банк 71 сая орчим еврогоор санхүүжүүлж байгаа. 2 дахь нь Багануур, Чойрын 220 вольтын шугам. Хоёр талынхаа дэд станцын өргөтгөлтэйгөө 90 гаруй сая долларын өртөгтэй төсөл хэрэгжээд эхэлж байна. 3 дахь нь бол Дундговь аймгийн төв Мандалговиос Өвөрхангай аймгийн төв Арвайхээр дэд станцын хооронд бас 250 орчим км цахилгаан дамжуулах 220 вольтын шугамыг Дэлхийн банк санхүүжүүлж байгаа. 100 орчим сая долларын хөрөнгө оруулалттай. 4 дэх том шугам Сайншандаас Цагаансуварга руу дахиад 200 гаруй км цахилгаан дамжуулах агаарын шугам, хоёр дэд станцын барилга байгууламжийн хамт Европын сэргээн босголтын банкны санхүүжилттэй явж байна. 5 дахь том шугам сүлжээний өргөтгөл бол Ховдын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаас Мянгат дэд станц руу 220 вольтын цахилгаан дамжуулах агаарын шугам явж байгаа. 108 тэрбум төгрөгөөр улсын төсөвт суулгасан.
500 киловольтын агаарын шугам гэдэг бол Монгол шиг жижиг улсад урьд өмнө байгаагүй том төсөл. Манайд байгаа хамгийн том нь 330 киловольтын шугам байгаа бол Улаанбаатар хотод түүхэн бүтээн байгуулалтын ажлын эхлэл тавигдаж байна.
6 дахь том төслийн тухайд Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний хэрэглээ бусад бүсүүдээс онцгой их нэмэгдэж байгаа. Нийслэл хотын эрчим хүчний хэрэглээ энэ жил 1100 орчим мегаватт руу дөхлөө. 1067 мегаватт болсон. Зөвхөн Улаанбаатар хот дахь цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт 2000 мегаватт буюу 2 гегаватт давчхаад байна.
Улаанбаатар хот руу цахилгаан эрчим хүчний нэмэлт эх үүсвэр оруулж ирэх шаардлага үүссэн. Тиймээс урьд өмнө түүхэнд байгаагүй том төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ зэргийг хийгээд явж байгаа. Энэ төслөөр 500 киловольтын дэд станц 3-ыг барина. Эхнийхийг нь Багахангай дүүргийн хажууд барина. Хотын зүүн талд “Ургах наран” хорооллын зүүн талд Налайх Улаанбаатарын дунд дэд станц нэгийг байршуулна. 3 дахь нь бол Сонгино дэд станцын хажууд, баруун тийшээ 10 км шугам явуулаад, Төв аймгийн Баянцогт сумын нутаг руу оруулах байх. Энэ 3 дэд станцыг хооронд нь 500 киловольтын хос агаарын шугамаар холбоно. Тэгээд хотын хоёр талд 1, 1 гегаваттын хүчин чадалтай цахилгаан эрчим хүч орж ирнэ гэсэн үг.
500 киловольт орж ирснийг буулгаад 250, 110, 35, 15, 10 -ын шугам гээд нийтдээ 84 дэд станц Улаанбаатар хотод шинээр барина, шинэ суурьшлын бүсүүдэд. Түүнээс гадна эдгээрийг хооронд нь цахилгаан дамжуулах агаарын 500 км шугамаар холбоно. Нийтдээ 2,2 тэрбум (100 орчим сая доллар)-ын өртөгтэй төсөл.
500 киловольтын агаарын шугам гэдэг бол Монгол шиг жижиг улсад урьд өмнө байгаагүй том төсөл. Манайд байгаа хамгийн том нь 330 киловольтын шугам байгаа бол Улаанбаатар хотод түүхэн бүтээн байгуулалтын ажлын эхлэл тавигдаж байна.
-Таны ярианаас сонсоход 1-рт эх үүсвэрээ шийдэх зайлшгүй шаардлага байгаа юм байна. Хэрэглэгчдэд хүргэх дамжуулах, түгээх шугам сүлжээний ажил байна. Манай эрчим хүчний салбар ямар хэмжээнд доголдон доройтсон бэ гэдэг нь харагдаж байна. 1 асуулт асууя. Тооцож үзсэн үү, үгүй юү? 2600 гаруй гегаваттаар нэмэх арга хэмжээ авлаа гэлээ. Хэрвээ энэ арга хэмжээг аваагүй байсан бол бидний эрчим хүчний нөхцөл байдал ямар байх байсан юм?
-Сая бид 100 мегаваттын чадлын дутагдалд орлоо шүү дээ. Нийт хэрэглэгчдийг 16 багцад хуваагаад, өдөрт зарим үедээ 90 минут хүртэл цахилгаан хязгаарласан шүү дээ. 3-4 цаг хязгаарлаж магадгүй гэж яриад байгаа юм. Хэрэв тэгвэл хөлдөнө. Өвлийн оргил хүйтний үед гадаа 35-36 хэм болтлоо хүйтэрч байсан. Тийм нөхцөлд 4 цаг тоггүй байх боломжгүй.
-Өнгөрсөн өвөл 90 минут л дулаангүй байхад иргэд тав тухгүй болж, эрүүл мэндийн асуудал сөхөгдөж эхэлсэн шүү дээ?

-Энгийн жишээн дээр хэлэхэд, орон сууцны өндөр байшингийн халаалт, хэрэглээний усыг доороос нь насосоор дээшээ шахаж байгаа. 4 цаг дээшээ огт халаалт болоод ус шахахгүй гэсэн үг. Гадаа 35 хэм хүйтэн үед шууд шугам хөлдөнө. Эрсдэл бол тулаад ирчихсэн.
Түрүүн миний дурдсан эх үүсвэрүүдийг барихад нийтдээ 5 тэрбум ам.долларын эх үүсвэрийг шийдэх нь хамгийн чухал байсан, нэгдүгээрт. Хоёрдугаарт, шугам сүлжээний өргөтгөлд дор хаяж 3 тэрбум долларын санхүүжилт шаардаж байгаа.
Сая дурдсан төслүүдэд нийлээд 26,8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэж чадсан байна.
Сүүлд дурдсан Улаанбаатар хотын төслүүдэд 2 тэрбум ам долларын санхүүжилтыг ерөнхийдөө шийдчихсэн шүү дээ. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк 1 тэрбум ам долларын санхүүжилт хийнэ. Дэлхийн банк 600 сая доллароор санхүүжүүлнэ гэж байгаа. Хятадын “Экзим” банк 249 сая долларын санхүүжилт гаргана. Дандаа нэн хөнгөлөлттэй зээл. 25 жилийн хугацаатай. 10 дахь жилээсээ эргүүлэн төлөх нөхцөлтэй. Жилийн хүү нь 2 хувиас бага байхаар тохирсон.
Засгийн газраас баталгаа гаргачих юм бол “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д энэ зээлийг олгочихъё гэж байгаа байхгүй юу. Зээл олгох банкны бүх удирдлагатай уулзаад, хэлэлцээр хийхээр тохирчихсон. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад 3 банкны удирдлагатай уулзаад тохирч байсан. Засгийн газар баталгаа гаргахад л зээл олгоход бэлэн байгаа. Эрчим хүчний эх үүсвэр талдаа хувийн салбараас хөрөнгө оруулалт татахад анхаарахгүй бол эрсдэлтэй.
-Хувийн хэвшилтэй холбоотой, мөн төрийн өмчтэй холбоотой асуудлаар хоёулаа ярина. Өнгөрсөн хугацаанд цахилгаан дулааны үнэ нэмэгдсэн. Иргэд бухимдсан шалтгаан нь дулаан, цахилгаангүй болсон явдал. Иргэдийн нуруун дээрх ачааны жин нэмэгдсэн боловч тог хязгаарласан.
-Би эхний яриагаа дуусгачихъя. Тэр 5 тэрбум ам.долларыг босгохын тулд би сайдын хувьд үнэхээр хичээж ажилласан. Өнгөрсөн 3 жил хагасын хугацаанд шулуухан хэлэхэд би амраагүй. Энэ хөрөнгө оруулалтыг босгоно гэдэг амаргүй. 5 хөрөнгө оруулагчтай ярихад 1 нь л ажлыг төлөвлөж авч үздэг.
2-рт төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагчид чинь цаашдаа өөрийнхөө хөрөнгөөр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж дийлэхгүй шүү дээ. Дахиад л шинэ хөрөнгө оруулагч татаж оруулах, зээл авах ажлууд явдаг. Хөрөнгө босгохын тулд санхүүжүүлж болохоор субьектүүдэд очиж тайлбар хийх ажлыг бид цуцашгүйгээр олон удаа хийсэн. Миний хувьд ч тэр, манай яамны залуучуудын хувьд ч тэр. Эрчим хүчний яамны ажилтнууд намайг очих үед гадаадын хөрөнгө оруулалт татах тал дээр туршлага муутай байсан. Би өмнө нь Сангийн сайд байсны хувьд хуучин Сангийн яаманд ажиллаж байсан санхүүгийн салбарын хүмүүсийг хэд хэдийг аваачиж, хөрөнгө босгох ажлуудыг хийсэн байдаг.
Хөрөнгө оруулагч гэдэг буяны байгууллага биш. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртэхийг л бодно.
Би эерэг талыг нь яриад байна. 5 тэрбум ам.доллар гэдэг 28 их наяд төгрөг. Монгол Улсын төсвөөс дээрх санхүүжилтийг хийнэ гэх юм бол 2026 оны улсын төсвийн нийт хөрөнгө оруулалт 3 их наяд 60 тэрбум төгрөг л байна. 28 их наяд төгрөгийг улс дангаараа хийнэ гэвэл 8 жилийн турш эрчим хүчний салбарт 1 ч төгрөг оруулахгүйгээр, 1 ч сургууль, цэцэрлэ,г зам шинэчлэхгүйгээр бүх мөнгөө эрчим хүчний салбарт оруулах л шаардлага үүсээд байгаа байхгүй юу. Энэ боломжгүй шүү дээ.
8 жил ганцхан салбарыг төрөөс санхүүжүүлдэг, ингэж шийдсэн улс Дэлхий дээр байхгүй. Бид дээрх хөрөнгө оруулалт татахын тулд айхтар том ажил хийсэн. Хөрөнгө оруулагч гэдэг буяны байгууллага биш. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртэхийг л бодно. Ядаж нэг жилдээ 5-10 хувийн ч юм уу өгөөж авахыг бодно шүү дээ. Монгол Улс 1990 онд зах зээлийн харилцаанд шилжсэн ч эрчим хүчний салбар зах зээлийн харилцаанд шилжиж чадаагүй. Үнийг төр тогтоодог. Зах зээлийн үнэ гэж эрчим хүчний салбарт байхгүй.
-Үүнд л гол алдаа нь байгаа шүү дээ.
-Эрчим хүчний салбарын зардал гэтэл зах зээлийн зарчмаар өсөөд байдаг. Зардал өссөн дүнгээр үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ үнэд бид зардлын өсөлтөө шингээж чадахгүй өнөөг хүрсэн. Улстөрчид сонгогчдоос санал гуйж авдаг болохоор нийтийг бухимдуулахгүй гээд цахилгаан, дулааныхаа үнийг өсгөх зөвшөөрөл олгодоггүй. Ийм байдлаар сүүлийн 36 жил явсаар, асуудал хуримтлагдаж явсаар, өнөөдрийн цаг үед тэсэрч, олны анхааралд ороод байна. Би эрчим хүчний салбарт байгаа эерэг талыг ярилаа. Шугам сүлжээний өргөтгөл барихад Засгийн газраас баталгаа гаргасан тохиолдолд 28 их наядыг татаж чадсан боловч нөгөө талд цахилгаан, дулааны үнийг зах зээлийн өртөгт нь хүргэх шаардлага тулгарч байгаа юм.
Намайг Эрчим хүчний сайд байх үед 2 удаа үнэ тариф өөрчилсөн. 2022 оны 12-р сарын 1-нд бид аж ахуйн нэгжийн цахилгааны үнийг нэмсэн. 5000 киловатт хүртэлх хэрэглээнд нь 14 хувь, 5000-аас дээш хэрэглээтэй аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний үнийг 28 хувиар нэмсэн. Уул уурхайн салбарын хэрэглэгчдийн үнийг 36 хувиар нэмсэн.
Чиний яриад байгаа үнийн өртгийг 2024 оны 11 сард хийсэн. Ямар өөрчлөлт байсан гэхээр төвлөрсөн дулааны системд холбогдсон Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотод үнийг 2 дахин нэмэх шаардлага гаргасан. Цахилгааны үнийг 14 хувиар нэмэх шийдвэр гаргасан байдаг. 2025 оны 5-р сарын 16-наас мөрдөж эхлэх байсныг тухайн үед Ерөнхий сайд байсан Л.Оюун-Эрдэнийн шийдвэрээр хойшлуулсан.
Г.Занданшатар сайдын үед ч хойшлуулаад явж байгаа. Эрчим хүчний салбар үнэ тарифаасаа доогуур үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байгаа учраас алдагдал хүлээсээр байгаа. Алдагдал өр төлбөрийг улам бүр нэмж байна.
-Хөрөнгө оруулагч хайж, 5 хүнтэй уулзаад 1 нь зөвшөөрч байгаагийн үндсэн шалтгаан энэ шүү дээ. Ямар ч ашиг байхгүй салбарт хэн хөрөнгө оруулахыг хүсэх билээ. Нөгөө талд төрийн өмчит компаниуд нь том том дарга нартай. Тэд нь айхтар өндөр цалинтай. Би танаас асууя. Үнийг индексжүүлээд инфляцын ханшийг дагуулж, ахиад нэмэх ёстой байсан шүү дээ. Та сайдаар 36 сар ажиллахдаа эрчим хүчний үнийг үе шаттай нэмэх ажлыг зогсооё гэдэг засгийн шийд гарч байхад, та ямар санал гаргаж байсан юм бэ?
-Энэ засгийн тогтоол чинь эрчим хүчний салбарыг үнэхээр хүнд байдалд оруулна шүү гэдгийг засгийн хурал дээр удаа дараа ярьж байсан. Энэ тухай олон нийтэд зарлаад байх нь хаашаа юм. Эрчим хүчний салбар хаалгаа барихдаа тулаад байна гэдгийг ч хэлж байсан. Зөвхөн дулаан, цахилгааны үнийг төлөвлөснөөрөө нэмж чадаагүйгээс болоод 2025 оны 12 сарын 31-ний байдлаар эрчим хүчний салбарын өр төлбөр 629 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ бол зөвхөн богино хугацаатай өр төлбөр шүү. Урт хугацаатай өр төлбөр нь 2,1 их наяд төгрөг байна.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, саяын миний яриад байгаа Багануур-Чойрын цахилгаан станц гээд ярих юм бол ойрын хугацаанд дахиад 3 их наядаар урт хугацаат өр төлбөр нь нэмэгдэнэ. 5 их наядын урт хугацаатай өр төлбөртэй болно. Үүнийг тарифаараа төлөхөөс өөр арга байхгүй. Эс бөгөөс төсвөөс татаас өгнө гэсэн үг.
Эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын ажлыг хийхийн тулд зах зээлийн үнэд нь хүргэх үү, эсвэл энэ чигээрээ нялцганаж байгаад одоо байгаагаар нь эрчим хүчний салбараа борцлоод хаях уу гэдэг сонголтын өмнө байна. Ганц эрчим хүчний салбар биш. Эрчим хүчний салбарын оролцоогүй бусад салбар гэж байхгүй. Эдийн засгийн ямар ч салбар байхгүй. Энэ хүнд хэцүү нөхцөлийг даваад туулаад явах уу? Эсвэл хөгжлөө энэ чигт нь гацаах уу гэдэг салаа замын бэлчир дээр байна. Хүнд сэдэв.
ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ НЭМЭХЭЭС ӨӨР АРГА БАЙХГҮЙ
-2025 оны байдлаар хэдий хэмжээний цахилгаан импортолсон юм бэ?
-200 орчим сая долларын цахилгаан импортолж хэрэглэсэн. Дийлэнх нь Оюутолгой төсөлд байгаа. Би чамд бодитой хүндрэлийг ярих ёстой гэж бодож байна. Эрчим хүчний үнийг 2 удаа нэмэх оролдлого хийхэд иргэд бухимдсан ч гэсэн дийлэнх нь асуудлыг ойлгож байсан гэж харж байгаа.
-Бензин дээр ч тэр, эрчим хүчинд ч тэр төрөөс сонин шийдвэр гаргаад байх юм. Үнийг хямд байлгаад тасалдахгүй буюу гал алдуулахгүй байх нөхцөлийг орхичхоод байх юм. Зах зээлийн зарчмаараа яваад иргэдийг ч хэрэглээгээ өөрсдөө тохируулах бололцоог нь олгохгүй. Тэгээд эцэст нь хямд эрчим хүч хэрэглүүлж байгаа шүү гэж яриад л. Таны оролцсон гурван ч Засгийн газар одоо ч энэ байдлаа үргэлжлүүлсээр байна. Иргэдээ хуураад яваад байна гэсэн үг шүү.
-Би олныг хуурмааргүй байна. Тойрч болохгүй, туулахаас өөр аргагүй зүйлийг иргэд мэдэж байх ёстой. Би нэгэнт Эрчим хүчний сайдаас буух гээд өргөдлөө өгчихсөн, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй байгаа учраас бодитой хүндрэлийг олон нийтэд хэлчихмээр байна. 2 удаа цахилгааны үнэ нэмсэн цаг үе нь миний ажиллаж байх хугацаанд болсон. Тэгэхээр иргэд над руу дайрах нь аргагүй. Эрчим хүчний үнэ нэмчхээд хангамжаа нэмж чадсангүй гээд. Манай эрчим хүчний салбар өнөөдөр яриад маргааш асуудлаа шууд шийдчихдэг салбар биш. Цахилгаан станцынх нь санхүүжилтийг шийдээд барилгын суурийг тавьснаас хойш дор хаяж 24 сарын дараа тухайн байгууламж ашиглалтад орох бололцоо бүрддэг.
Заримдаа 30-36 сарын хугацаа ороод байгаа. Би 2022 оны 8 сард энэ салбарт ирээд энэ төслүүдийг хөөцөлдөж яваад, хувийн оролдлого, Сангийн сайдаар ажиллаж байсан туршлагаа шингээж, 600 мегаваттын эрчим хүчний эх үүсвэр нэмж оруулаад байхад л 100 гаруй мегаваттын дутагдал үүсэж, шүүмжлэлд өртөөд сууж байна шүү дээ. Айл өрхүүдийн дулааны үнийг 2 дахин нэмэх, аж ахуйн нэгжүүдийн үнийг 70 хувиар нэмэх, 2024 онд гаргасан шийдвэрээ мөрдөж эхлэхгүй бол үнэндээ энэ салбар бүтэхгүй. 10 төгрөгөөр үйлдвэрлээд, 3 төгрөгөөр борлуулж, 7 төгрөгийн алдагдал үүсгэж байгаа. Улаанбаатар хотод дахин шинээр ямар ч орон сууц ашиглалтад орох тухай ойлголт одоо байхгүй.
-Дулаанаар хангаж чадахгүй шүү дээ.
-Холбох боломжгүй. Хүнд хэцүү галтай сэдэв боловч хэн нэгэн тэсээд хийхээс өөр аргагүй. Хэн нэгэн хэзээ нэгэн цагт хийж л таарна.
-Эрчим хүчний үнийг одоо өртөгт нь хүргэхийн тулд хэдэн төгрөгөөр нэмэх шаардлагатай байгаа вэ?
-2026 онд эрчим хүчний үнийг 18 хувиар, 2027 онд 14 хувиар нэмэх шаардлагатай. Ингэж чадвал 2028 оноос эхлээд инфляцын түвшингээр индексжүүлээд явах бололцоо бүрдэнэ.
-Ингээд ярихаар хүмүүс ойлгохгүй байж мэднэ. Та төгрөгөөр тооцвол 1 киловатт цагийг хэдэн төгрөг болгож байж алдагдалгүй ажиллах бололцоотой талаар тодруулахгүй юу?
-Урьд нь намайг ажил авахад нийт эрчим хүчний хэрэглээнд бараг 100 хувь төрийн өмчит компаниуд эрчим хүч нийлүүлж байсан. Одоо бол Бөөрөлжүүтээс эхлээд 300 мегаваттын эрчим хүчийг хувийн хэвшил нийлүүлж байна. Энэ эрчээрээ 2 жилийн дараа хувийн хэвшлийнхний нийлүүлэх эрчим хүчний хангамж 70 хувь болно. Төрийн эзэмшлийн цахилгаан станцуудын нийлүүлэх эрчим хүчний хангамж 30 хувь болж буурна. Нэгэнт ийм нөхцөл байдал тулчихсан учраас үнийг өсгөхөөс өөр арга байхгүй.
Улаанбаатарт дахин шинээр ямар ч орон сууц ашиглалтад орох тухай ойлголт одоо байхгүй
Миний хэлээд байгаа 14-18 хувиар цахилгааны үнийг өсгөхөд ямар өөрчлөлт орох вэ гэдгийг хэрэглэгчдэд хэрхэн тусахыг би ярья.
300 киловатт хэрэглээтэй айл байлаа гэж бодъё. Цахилгаанаар халаалтаа шийдээгүй айлуудын хэрэглээ сард 300 киловатт давдаггүй юм. Улсын хэмжээнд айлуудын хэрэглээ 220 киловатт л байгаа. 300 киловаттын хэрэглээтэй айлууд өнөөдрийн байдлаар 74800 төгрөг төлж байгаа.
-Сарын уу?
-Сарын. Үүнийг 18 хувиар нэмсний дараа 87 мянга болно. Үүн дээр ахиад 14 хувиар нэмэхээр сарын хэрэглээ нь 98 мянган төгрөг болно гэсэн үг.
-Зарим айл их гараад байна гээд байгаа шүү дээ.
-Их гараад байгаа айлууд бол цахилгаанаар халаалтаа шийдсэн айлууд. Дулааны үнийг 2 дахин нэмнэ гэдэг арай хэтэрхий юм гэдэг шүүмжлэл гарна аа даа. Экстрим байна гэдэг. Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 1 м2 орон сууцны талбайн сарын халаалтын төлбөр 506 төгрөг байгаа. НӨАТ-ыг нь оруулахаар 556 төгрөг болно. 50 ам метр талбайтай орон сууцтай айл 27900 төгрөг л төлж байгаа. Үүнийг 54 мянган төгрөг болгох тухай ярьж байгаа юм. Ийм л сэдэв. Нийслэлийн гэр хороололд 200-гаад мянган өрх амьдарч байна шүү дээ. 50 м2 талбайтай байшинтай айл чинь 150 м3 эзэлхүүнтэй талбай гэсэн үг.
-Гэр хороололд, гэрт өвөлжиж байгаа айлын тухайд?
-8 ханатай гэр байлаа гэж бодъё. Гэрийн тааз бол орон сууцныхаас намхан. Эзэлхүүний хувьд орон сууцнаас 2 дахин бага. Энэ 2 дахин бага эзэлхүүнийг халаахад өвлийн улиралд дунджаар 4,4 тонн шахмал түлш хэрэглэж байна. Сүүлийн жил хагас коксоор хийсэн шахмал түлш тонн нь 1,2 сая төгрөг болсон. Үүнд ойролцоогоор 70 мянган төгрөгийн зардал гаргаж байгаа. Нүүрс асаахын тулд 2 портер мод хэрэглэж байгаа. 350 мянган төгрөг болно. 4 ам бүлтэй айл гэж тооцвол 7 хоногтоо 1 удаа усанд орно гэж бодъё. 1 усанд орохдоо 3000 төгрөгөөр бодоход Долоонбуудалын гэр хороололд байгаа айлын жилийнх нь зардал 2 сая төгрөг болно. 50 м2 орон сууцанд байгаа айлын жилийн зардал хэрэглээний халуун усыг нь оруулахаар 600 мянган төгрөгөөс хэтрэхгүй.
Ирэх 2026-2027 оны өвөл хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй
Тэгэхээр амьдралын бололцоотой, арай орлого сайтай хэсэг нь орон сууцанд амьдарч байгаа нь хэний ч нүдэнд ил байгаа. Бүх судалгаагаар тэгж гарч байгаа. Орлого багатай хэсэг нь гэр хороололд байгаа. Тэгээд тэд илүү өндөр зардалтай амьдардаг. Орлого өндөртэй хэсэг нь бага зардлаар амьдардаг. Ийм л тогтолцоо үүсчхээд байна. Энгийнээр хэлбэл “Гэр хороололд төрж өссөн хүн насаараа гэр хороололд амьдар аа” л гэсэн тогтолцоо. Нөгөө үндэсний баялгийг шударга тэгш хувааж хүртээнэ гэдэг зарчим чинь манай эрчим хүчний салбарт урвуугаараа болчхоод байгаа байхгүй юу.
-Одоо тэгээд энэ бүхнийг чинь зогсоочихлоо. Та ажлаа өгөөд явна гэж байна. Дараагийн хүн гарч ирээд ямар шийдэл гаргахыг би бол хэлж мэдэхгүй. Гэхдээ энэ нөхцөл тэр чигээрээ үргэлжилбэл сайн зүйлд хүргэхгүй гэдгийг бид мэдэж байгаа. Үнэнээ хэлээд олон нийтэд ойлгуулах ёстой юм биш үү?
-Би үнэнээ хэлж байгаа. 2027 оны наадам гэхэд Бөөрөлжүүтийн 300 мегаваттын цахилгаан станцын эхний блок ашиглалтад орно. Тэр үед хэрэглээний өсөлтөө түр хугацаанд давж, илүү гарснаа нөөцөлнө. Эх үүсвэр бүрдэнэ. 2027 оны наадам. Өнөөдөр 2026 оны 3 сар. Жил гаран тэсэх ёстой.
Ирэх 2026-2027 оны өвөл хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй. Хэрэглээ маань магадгүй 300 мегаваттаар ч юм уу, төвийн бүсээр жишээ авахад давахгүй гэх баталгаа байхгүй. Энэ өвлийг давах ёстой. Олон нийтэд хэлэх ёстой. Чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөрөх ёстой. Бага хөлдөх, системийн тогтвортой байдлыг хангахын төлөө тэг зогсолт хийлгэчихгүйгээр авч гарах нь чухал байгаа юм.
10 аймгийн дулааны станцын тендерийг 3 удаа зарласан юм билээ. 2019 онд Ц.Даваасүрэн сайдын үед эхний удаа, Н.Тавинбэхийг сайд байхад 2, 3 дахь удаа.
Намайг 2022 онд ирэхэд бүх төслүүд гацаад зогсчихсон байсан.
Үе үеийн Эрчим хүчний сайд нарын гол зорилго бол системийнхээ тогтвортой байдлыг л хангахад анхаардаг. Хөлдөлт үүсгэхгүй байх нь хамгийн тэргүүний ээлжийн зорилт. Хөгжил ярихаас түрүүнд минимум зорилго бол хөлдөөхгүй байх ёстой шүү дээ. Системээ нураачихвал бүр хяналтгүй байдалд орно. Куба улс ийм байдалд орчхоод байна шүү дээ, өнөөдөр. Ийм байдалд орохгүй байх нь чухал.
БИ ҮНЭХЭЭР АЗГҮЙ БАЙСАН
-Та өнгөрсөн 8, 9-р сард Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийх үеэрээ өвөлдөө цахилгаан хязгаарлахгүй гэж хэлсэн ч сая хэд хэдэн удаа цахилгаан хязгаарлачихлаа?
-Би үнэхээр азгүй байсан. Яагаад гэвэл өмнө нь бэлтгэл хийсэн учраас өвлийн оргил ачааллын үед бэлэн гэж үзэж байсан. Таны хэлсэн мэдэгдлийг ямар нэг тооцоогүй хэлээгүй. Гэтэл яг өвлийн оргил ачааллын үед Бөөрөлжүүтийн цахилгаан станцад шинээр ашиглалтад орсон блокны нүүрс хөлдөөд 300 МВт нийлүүлэх байсан бол зарим үедээ 60-70 МВт болтол буурч, хязгаарлалтын түвшинд орсон. Түүнээс гадна үүнийг нөхөхийн тулд ТЭЦ IV дээр бүх зуухыг тултал ажиллуулсан. Гэвч хэд хэдэн хүндрэл гарсан. Манай 60 жил болсон станцуудын тоноглолууд яг одоо чи бид 2-ыг ярилцаж байхад ч зогсохыг үгүйсгэхгүй.
-Яг одоо цахилгаан станцуудаа хамаг хүчээр нь ажиллуулаад байна. Өнгөрсөн 5 сард болсон шиг, Бөөрөлжүүтийн цахилгаан станцад үүссэн нөхцөл байдал дахин давтагдахыг үгүйсгэхгүй. Асуудлаа одоо шийдэхгүй бол ирэх өвөл дахин хөлдөх эрсдэл бүрэн байна?
-Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс миний өмнө дурдсан хөрөнгө оруулалтуудын эх үүсвэрүүдээр дор хаяж нөөцтэй болох хэрэгтэй байна. Аль нэг станц дээр доголдол гарлаа гэхэд нөгөө станц нь нөхөн үйлдвэрлэдэг. Ийм нөөцтэй болтол энэ эрсдэл байсаар л байна.
-За шинэчлэл дээр нэг асуулт байна. Манай хуучин станцуудын нөхцөл байдал хүнд байгаа. Өнгөрсөн жил 5.2 их наяд төгрөгөөр ОХУ-аар III цахилгаан станцын 198-ыг 300 болгох өргөтгөлийн ажлыг хийхээр болсон. Энэ ажил ямар шатандаа явж байна?
-ТЭЦ III-ыг 300 МВт-аар өргөтгөх ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх энэ төсөл бол амжилттай сайн урагшлахгүй байгаа. ОХУ талаас компани шалгарсан. Зураг төслийн гэрээ хийгээд явж байна. Ерөнхийдөө зах зээлийн үнээс өндөр үнэ тавиад байгаа.
-5.2 их наяд төгрөгөөс илүү нэмэх гээд байна гэсэн үг үү?
-Үгүй ээ, 5.2 их наяд төгрөгөөс буухгүй байгаа. Тийм учраас зах зээлийн үнээс өндөр өртөгтэй төслийг хэрэгжүүлэхэд төвөгтэй, үр ашиггүй байна.
-Одоо V цахилгаан станцыг 2.3 их наяд орчим төгрөгөөр барих гэж байгаа. Гэтэл шинэ тоног төхөөрөмж бүхий 3 станцын мөнгөөр хүчин чадлаа нэмэгдүүлэх гэж байгаа юм уу. Үүнийг яагаад оруулж ирсэн юм?
-Тийм учраас ОХУ-д үнээ буулга гэдэг шаардлага тавьж байгаа. Гэтэл зургийн ажлаа хийж байж, эцсийн үнээ тохиръё гээд байгаа. 2019 онд анх ОХУ-аас Монголын газар нутгаар дамжуулан БНХАУ руу хийн хоолой явуулъя гэдэг санал тавьсан юм билээ. Угтаа манай газар нутгаар бус Казахстаны газар нутгаар явуулж, Монголыг тойруулъя гэдэг ийм мэдээлэл байдаг. ОХУ талдаа 500 орчим сая ам.долларын транзитын төлбөр жил бүр орж ирэх төсөл явж байгаа юм чинь. ТЭЦ III-ыг манайд ОХУ-ын тал хэрэгжүүлье гэдэг саналыг тухайн үеийн төрийн өндөрлөгүүдийн төвшинд яригдсан юм билээ.
-2019 он тийм үү?
-Тийм ээ. Түүнээс хойш ийм өндөр дүнтэй байгаа учраас үнээ хямдруул гэдэг шаардлага тавьж байгаа.
-Энэ чинь Монгол Улсыг хорлож байгаа хорлол юм биш үү, сайд аа. 2019 онд яригдсан хийн хоолойн төсөл чинь манайхаас шалтгаалахгүйгээр ОХУ, БНХАУ хоёр хоорондоо яаж барих уу гэдэг нь тодорхойгүй, хэзээ барих нь тодорхойгүй, шийдэл нь гараагүй, манайх байр сууриа илэрхийлээгүй байхад энэ төслийг явуулахтай зэрэгцүүлж, хамтад нь хэрэгжүүлнэ гэдгийг та дэмжээд явуулчхаж байгаа юм биш үү?
-Би дэмжээгүй. Зах зээлийн үнэ буугаад ирвэл төслийг явуулна.
-Та УИХ-аар соёрхон батлуулсан биз дээ?
-Зөвхөн зургийнх нь үнийг соёрхон батлуулсан. Зураг төсвийн үнэ 20 сая ам.доллар. Үүгээр эрсдэл хийгээд зах зээлийн үнэ гарч ирж байвал төсөл явна. Зах зээлийн үнэ гарахгүй бол энэ төслийг зогсооно гэдэг ойлголтоор явуулсан. Түүнээс биш чиний хардаж байгаа шиг тэр өндөр үнэтэй зээлийг явуулж дийлэхгүй. Монгол Улсад ашиггүй байна гэж хэлээд 2 үе шатад хувааж байгаа. Зураг төсөл хийсний дараа эцсийн дүн гарч ирэх юм бол 700 орчим сая ам.доллар болох болов уу гэж тооцож байна. Энэ хэмжээнд зах зээлийн үнэ буурч ирвэл ТЭЦ III-ын өргөтгөл явна.
-Та миний нүдэнд улстөрч гэхээсээ илүү бизнесменээр харагддаг. Та 1 ам м байрыг 100,000 төгрөгөөр барих боломжтой гэж тооцъё. Гэтэл хажуу талын хөрш чинь санхүүжүүлээд 10,000 төгрөгөөр барья гэвэл та үүнийг хийх үү?
-Ер нь чи буруу мэдээлэлтэй байгаа юм байна. ТЭЦ III-ын өргөтгөл чинь эхлээд зургаа хийж байж, төсвөө гаргах юм. Зах зээлийн ханш нь бууж ирж байгаа бол төслийг явуулъя, зах зээлийн үнэ буурахгүй бол зогсооё гэсэн санаа.
-Зураг төсөл хийж байна гэсэн нэрээр ажил удааширч байна. Хийн хоолойтой уячихсан төсөл нь манайхаар явахгүй бол энэ төслийг хасаад өөрөөр явъя л даа. Тэгэх боломжтой юу?
-Манайх ОХУ-аас цахилгаан импортолж авдаг, нефтийн бүтээгдэхүүн авдаг найрсаг харилцаатай. ОХУ-тай ТЭЦ III, IV гэхээсээ урьтаад бусад төслүүдээ явуулчихъя л даа. Заавал хөрш оронтойгоо харилцаа муутгах ямар шаардлага байгаа юм. Би албаар ТЭЦ V-ыг ОХУ-тай хийх гэж байгаа. ТЭЦ III-ын өргөтгөл хийх гэж байгаа төсөлтэй яг ижилхэн хүчин чадалтай хийхээр ТЭЗҮ боловсруулж, НЗДТГ дээр тендер зарлуулж байгаа. Тийм учраас ОХУ үүнийг харж байгаа байх. Яг ижилхэн хүчин чадалтай төсөл ОХУ-ын санал болгосон үнээс 2 дахин багаар ороод ирлээ шүү дээ.
-2019 оноос хойш 2021 онд Путин Ерөнхийлөгч ирээд явахад энэ асуудлыг хөндөж байсан гэхээр 3 жил ТЭЦ III засвар хийгээгүй явж байна. Дахиад нэг зуух нь дэлбэрэх вий. Хүний амь нас эрсдэх вий?
-Тийм учраас ТЭЦ V гэж нэрлэж байгаа. Яг ТЭЦ III-тай ижил хүчин чадлаар өргөтгөе гэж ТЭЗҮ боловсруулсан.
-Та 20 гаруй жил парламентад суучихсан, энэ салбарын хүн. Бас ажлаа өгөх гэж байна. Манай цахилгаан эрчим хүчний том төслүүдийг зогсоогоод, гацаагаад байгаа суурь шалтгаан нь юу юм бэ. Тодорхой хариулт өгч болох уу?
-Намайг Эрчим хүчний сайдаар ирэхээс өмнө чиний яриад байгаа нөхцөл байдал байсан нь үнэн. ТЭЦ V-ын тухай 10 гаруй жил шуугьсан ч хэрэгжээгүй, Багануурын ЦС-ын талаар бас 10-аад жил ярьсан ч бүтээгүй. Би тухайн үед Эрчим хүчний сайд байсан учраас ямар шалтгаанаар зогссон бэ гэдгийг яриагүй. Сая ажлаа өгсөн шалтгааны үндсэн суурийн нэг нь энэ. Би 6-7 төсөл явуулчихлаа шүү дээ.
Ажлаа хийсэн боловч олон нийтэд дутуу мэдээлэл хүргэсэн учраас ЭХЯ сүүлийн 3 жил юу ч хийгээгүй гэдэг шүүмжлэл явсан. Би үүнийг олон нийтэд мэдээлээд явсан бол “цуутай хүүхэн хуримгүй” гэдэг шиг энэ төслүүд хэрэгжих явцад олон төрлийн гадаад, дотоод эрсдэлүүд үүсэж болохуйц байсан.
Тиймээс олон нийтийн анхааралд бага байлгаж байгаад ашиглалтад оруулчхаад яръя гэж бодсон. Өөрөөр хэлбэл хүмүүсийн хэл амнаас хамгаалж байгаад дуусгая гэж бодоод рекламдаагүй юм. Тиймдээ ч хөрөнгө оруулагчдаа хэл амнаас хамгаалж, ажлаа хий, үр дүн чухал гэдэг зүйлийг ярьж байсан. Надад олон нийтийн шүүмжлэл орж ирэхэд би дархлаа үүсгээгүй байсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа.
Миний хэрэгжүүлсэн 6-7 төсөл бий. Олон нийтэд мэдээлээд явсан бол “Цуутай хүүхэн хуримгүй” гэдэг шиг гадаад дотоод эрсдэл үүсэж болох байсан
Энэ төслүүдийг зогсоохгүйн тулд хэл ам багатай явъя, бид дэмжье, эрчим хүчний үнэ тарифыг цаг тухай бүрд нь ашиглалтад орох үед нь та нарын 5, 10 хувийн ашигтай үнэ тариф тогтоож өгнө гэдэг амлалтуудыг 3 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдад тоть шиг давтсан байх. 100 гаруй хөрөнгө оруулагчид энэ талаар амлалт өгч явсан. Миний үндсэн шалтгаан энэ. Хүсэл хяслын хорвоо гэдэг шиг.
Намайг ажлаа авахад 2022 онд нэг ч төсөл хэрэгжээгүй байсан. Би ирээд өмнөх 100 жилд хийсэн бүтээн байгуулалтуудыг 2.6 дахин буюу 2800 гВт-тай тэнцэх хэмжээнд нэмэгдүүлээд “Ардын дайсан” гэдэг цолтой боллоо. Тэгэхээр эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдал бол ганц сайдын хувь тавилан биш 1-2 засгийн асуудал болно.
-Тэгж байж л шийдэгдэх зам руугаа орно доо. Сая 10 аймгийн цахилгаан станцтай холбоотой авлигын асуудал гарлаа, төрийн нарийн бичгийн дарга байсан хүн. Танай салбарт ийм хэмжээний авлига байхаар иргэд хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Яагаад үнээ нэмэх ёстой гэж?
-10 аймгийн дулааны станцын тендерийг 3 удаа зарласан юм билээ. 2019 онд Ц.Даваасүрэн сайдын үед эхний удаа, Н.Тавинбэхийг сайд байхад 2, 3 дахь удаа. Намайг 2022 онд ирэхэд бүх төсөл гацаад зогсчихсон байсан. Яг эцэслэж шийдэж чадаагүй байж байгаад ажлаа өгч байгаа төсөл бол энэ 10 аймгийн ДЦС. Миний өмнө сайд байсан Н.Тавинбэхэд би “Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаач” гэсэн хүсэлт тавьсан. Ингээд ажилласан.
Энэ төсөл ерөөсөө явахгүй, болохгүй байна гээд төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд болон зөвлөх компаниудтай 10 гаруй удаа уулзалт хийсэн байдаг. Харамсалтай нь төслийг хэрэгжүүлэгч байгууллага янз бүрийн байдлаар “гөлөг төөрүүлсээр” байгаад энэ төслийг төвөгтэй байдалд оруулсан нь үнэн. Тиймээс би өөрөө хууль хяналтын байгууллагад хандаж, эрх зүйн зөвлөгөө хүссэн. ГХЯ, ХЗДХЯ, АТГ-т хүртэл хүсэлт явуулсан. Үнэн худал нь тогтоогдох байх. Би урдуур нь орж янз бүрийн юм яримааргүй байна.
-Таныг сайд болсны дараа хэд хэдэн станцын дарга нарыг барьж, шалгаад, газар, хэлтсийн дарга нарыг асуудалд оруулсан. Танай салбарын авлигажсан, төрийн мөнгөөр гараа угаасан асуудлыг шийдэх хэрэгтэй. Алдагдалтай салбарыг харахаар эрчим хүчний салбар байгаад байна. Та бол өнгө ижил тайлбар өгөх байх. Гэхдээ энд хүн хүч, зардал, захирлуудын цалин гээд хий юм их байна?
-Хэлэх, хийх хоёр чинь хоорондоо зөрөөтэй. Би энэ салбарынхныг өмөөрөөд байгаа юм биш. Хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоох байх. Сая нэгдүгээр сард манай эрчим хүчний салбар дээр айхтар шалгалт явсан нь үнэн. Дотроосоо ч их матсан, мэдээлэл өгсөн байна лээ. Хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээх ёстой. Үгүй бол үнэнээ тогтоолгоод олон нийтэд ил мэдээлэх ёстой. Энэ тал дээр чамтай санал нийлж байна.
Одоо хамгийн том авлигын үүр гэж нэрлэгдээд байгаа ТЭЦ IV төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 123 төгрөгөөр 1 кВт эрчим хүч нийлүүлж байгаа. Долларт шилжүүлбэл 3.6 цент. Бөөрөлжүүт 8.95 цент. Бусад нь 8.4 цент байна. Үүнийг тогтоохдоо төсөл хэрэгжүүлэгчийн 30 хувь нь өөрийн хөрөнгө, 70 хувь нь олон улсын бизнесийн стандартаар зээл авах, үүндээ жилийн 8 хувийн хүү төлөх тооцоогоор цахилгаан худалдах, худалдан авах гэрээ хийж байгаа. Энэ цахилгаан станц барих өөрийн өртөг. Мөн 2 талдаа 100-150 км дэд станц руу холбогдож таарна.
-Станцын ажилчид болон инженер техникийн ажилчдын ачаар бид цахилгаантай сууж байна. Гэхдээ таныг ажлаа хийж чадаагүй, салбараа орхигдуулсан гэж хэлэх гээд байгаа нь хэрэггүй баахан дарга нарынхаа тоог, өндөр цалинтай захирлуудыг, үр ашиггүй зардлуудыг, сандал ширээ худалдаж авдаг зардлуудыг багасгахад нь та анхаараагүй юм биш биз гэдэг зүйлийг хэлээд байгаа юм?
-Би Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт болон Аудитын газар хүсэлт тавьсан. Гол нь чиний яриад байгаа шиг хардлагууд байна. Хэрэв ийм зүйл байвал эрчим хүчний салбарт шалгалт оруулж өгөөч ээ, үгүй бол үүнийг залруулж өгөөч гэж байгаа. Би 2022 оны наймдугаар сараас хойш эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудыг байж болох хэмнэлтийг хамгийн доод түвшинд хүргэсэн. Бусад зүйл дээр хэмнэж болох зүйл юу байна. “Эрчист Монгол” компанийн захирал Г.Амартүвшинд “Ярьж байсан зүйлээ хийгээч” гэтэл өргөдлөө өгөөд гараад явчихсан. “Чиний яриад байгаа өртөг буулгах ажлыг хийе, салбарын нэр хүндийг цэвэрлэе” гэсэн ч хийгээгүй. Тэгэхээр авлигад хардагдаад байгаа ТЭЦ IV маань 3.6 центээр нийлүүлж байгаа.
-Энэ хоёр хоорондоо хамааралгүй зүйл л дээ. Үнээ нэмэх нь та нарын ажил. Миний яриад байгаа төрийн өргүй зардал гэдэг зүйл бол өргүй зардал, алдагдал үүсгээд байгаа дарга нарын асуудал. Таныхаар бол бид хямдхан өгөөд байгаа учраас тэнд авлига гараад байгаа гэж хэлэх гээд байна уу?
-Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх агентлаг жил бүр аудит хийлгэж байгаа. Намайг УИХ-ын зарим гишүүн огцор гэж шаардаад байгаа учраас эрчим хүчний салбарын хүндрэлтэй байдлыг ил гаргахгүйгээр, сандал суудлын асуудлууд гарч, эрчим хүчний салбар хүндрэлтэй байдалд үлдэх учраас энэ ажлыг өгье гэж байгаа. Албан тушаалыг өгч болно. Асуудал гүйцэд шийдвэрлэгдээгүй шүү.
Эрчим хүчний реформын 50 хувийг хийж чадахгүй байгаа учраас сайдаар суух ямар ч сонирхол алга
-Зугтчихаж байгаа юм биш үү?
-Зугтсан гэж туйлшраад яах вэ. Би хийх ёстой байсан эрчим хүчний реформын 50 хувийг хийчхээд, 50 хувийг нь хийж чадалгүйгээр явж байгаа юм. Сая Ерөнхий сайд надад “30 хоногийн дотор ажлаа сайжруулаад яв” гэдэг үүрэг өгсөн. Энэ хугацаанд ЭЗХ-ийн сайд, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд, Засгийн газарт тогтоол өргөн барьсан.
Энэ тогтоолын гол үзэл санаа нь эрчим хүчний салбарын үнийг шинэчлэх. Гэхдээ хэрэглэгч нарт хүнд тусах учраас 2027 онд одоо байгаа үнийн түвшин, 2026, 2027 онд нэмэх үнийн зөрүүг төрөөс татаас болгоод өгчихье гэж байгаа юм. Айл өрх болгонд дулааны болон цахилгааны үнэ дээр.
-Хэдэн жилийн хугацаанд?
-2026 онд төсвийн тодотгол хийгээд 100 хувь даая. 2027 онд 50 хувийг төр, 50 хувийг хэрэглэгч өөрөө төлөг. 2028 онд 30 хувийг нь төр, 70 хувийг нь хэрэглэгч өөрөө, 2029 оноос зах зээлийн арилжаанд шилжье гэж байгаа.
Хоёрдугаарт, ЖДҮ эрхлэгчид үнийн өсөлтөд нэрвэгдэх учраас 5000 кВт хүртэлх хэрэглээний үнийн өсөлтийн зөрүүг 2026 онд 100 хувь, 2027 онд 50 хувь, 2028 онд 30 хувь төрөөс татаасаар шийдээд, эрчим хүчний шинэчлэл хийгээд, зах зээлийн арилжаанд шилжүүлье. Хууль эрх зүйн орчноо өөрчилье. Татаас хийхэд 1 их наяд 67 тэрбум төгрөг болно.
2026 оны төсвийн тодотголоор 591 тэрбум төгрөг шаардлагатай. 2027 онд 280 тэрбум төгрөг, 2028 онд 204 тэрбум төгрөг байвал эрчим хүчний салбарын шинэчлэлийг бүрэн зах зээлийн арилжаанд шилжүүлнэ. Өмч чөлөөлтөл дахин нэг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа орох байх.
-Таны оруулсан энэ төсөл дэмжигдсэн үү?
-Үүнийг гуравдугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр өргөн барьсан. Ерөнхий сайдад урьдчилан танилцуулсан. Одоогоор дахин хэлэлцэж байгаа.
Миний ажлаа өгч байгаа хоёр дахь шалтгаан бол одоо үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал. 2026 оны төсөвт тодотгол хийгээд миний хэлэх гээд байгаа энэ зөөллөх арга хэмжээг аваад, уг асуудлыг шийдвэрлүүлэх магадлал бага байна. Тиймээс энэ нөхцөл байдлыг шийдвэрлүүлж чадахгүй байгаа учраас Эрчим хүчний сайдаар суух ямар ч сонирхол алга. Нэг хоногийн өмнө ч хамаагүй дараагийн сайдад ажлаа хүлээлгэн өгөх ёстой гэж бодож байна.
Гуравдугаарт, ажлаа өгсөн шалтгаан нь Эрчим хүчний сайдтай хариуцлага тооцохгүй байна гэдэг асуудал яригдсан. Үүнээс үүдэж Ерөнхий сайд, Засгийн газар мөн намын нэр хүндэд нөлөөлсөн. Би 2008 оноос хойш тасралтгүй УИХ-д суусан, мөн ЗГ-ын гишүүн хийсэн хүний хувьд намынхаа нэр хүндийг бодох хэрэгтэй. Би цөөвөр чоно биш. Асуудлаа шийдэхгүй суугаад байх нь утгагүй. Ийм гурван шалтгаанаар ажлаа өгч байна.
Би цөөвөр чоно биш. Асуудлаа шийдэхгүй суугаад байх нь утгагүй
Түүнээс биш ажлаа хийж чадсангүй гэдэг шүүмжлэлтэй бүрэн эвлэрэхгүй. Ажлаа хийсэн ч тайлагнаагүй гэдэгтэй санал нэг байгаа. Яагаад гэвэл өмнөх төслүүд нь улс төрийн зорилгоор гацчихдаг учраас хэл амнаас хол байлгаж байгаад дуусгая гэж бодсон.
Би өөрөө IT-н инженер хүн. Би гуравдугаар курст байхдаа ОХУ-ын бизнесийн салбарт хөл тавьчихсан байсан. Бидний хувьд хийсэн байх нь чухал, хийх процесс нь чухал биш байсан. Ийм үзлээр бие хүн болж төлөвшсөн. Тиймээс өнгөрсөн цаг хугацаанд өөрийн PR дээр ч онцгойлон анхаарсангүй. Салбарын нэр хүнд дээр ч онцгойлон анхаараагүй. Тийм учраас олон нийтийн дунд намайг өмөөрөх дархлаа суугаагүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.
-Таныг өмөөрөх дархлаа гэхээсээ илүү мэдээллийг нь ил тод өгөх хэрэгтэй байсан. Би таныг нэвтрүүлэгтээ уриад 2 жилийг үдсэн байна. Уг нь асуудлыг яриад явж байсан бол… Цаг үе өөр болсон гэдгийг улстөрчид мэдрэх хэрэгтэй?
-Чиний шүүмжлэлийг хүлээж авч байна. Гэхдээ би хийсэн болгоноо тухайн цаг үед тайлагнаж, өөрийнхөө нэр хүндийг өсгөх гэж, сайн хүн болох гэж явсангүй. Миний суурь хүмүүжил цаг үетэйгээ зөрчилдсөн байна.
-Оргил ачааллын үед төвлөрсөн дулаантай хосолж ажиллах хийн станц байгуулахаар 60 тэрбум төгрөгийн тендер зарласан шүү дээ. Энэ юу болсон бэ?
-Энэ тендер зарлагдсан боловч байршил нь солигдсон. Цэцэрлэгт хүрээлэнд манай яамны харьяа газар байсан юм. Гэхдээ хотын удирдлагууд энд биш гээд “Хан хийц” хорооллын баруун талд шилжүүлсэн. Одоогоор тэнд хийх ёстой ажлууд үргэлжилж байгаа.
-Та Монголын хамгийн том барилгын групп болох “Хурд” группийн захирал. Таныг сайд байхад хэд хэдэн барилга чинь ашиглалтад орох шиг боллоо. Гэтэл дулаанаа хүлээж байгаа олон барилга байгаа. Энэ тал дээр эрх ашгийн зөрчил үүсээд байгаа юм биш үү?
-Намайг сайд болохоос өмнө техникийн нөхцөлөө аваад бэлтгэсэн байсан. Төслийг нэг өдрийн дотор эхэлдэггүй шүү дээ. Нэг төсөл хэрэгжүүлэхэд 3-4 жил болдог. Чи сая намайг “Хурд” группийн захирал гэлээ. Би тус группийг 1990 онд үүсгэн байгуулсан. 2005 он хүртэл захирлаар ажилласан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дэд даргаар томилогдох хүртлээ байсан гэсэн үг. Үүнийг би нуудаггүй.
-Та гэхдээ “Хурд” группээс холдохгүй шүү дээ. Цаасан дээр бичсэн ч биеэрээ холдохгүй.
-Үүсгэн байгуулагч гэдгээ нуулгүй хэлж байна шүү дээ. Холдохгүй нь үнэн. 100 хувь хувьцаа эзэмшигч нь манай гэр бүл хэдий ч одоо хуулийн дагуу гүйцэтгэх удирдлагаар нь ажиллахгүй байгаа гэсэн үг.
-Тийм учраас танай дээр орж ирж байгаа асуудлыг ямар нэг байдлаар шийдээд байгаа юм биш биз. Сүүлд “UB Palace”-ийн хажууд барилга бариад, дулаанаа авах гэж байна гээд бөөн эсэргүүцэлтэй тулгарсан шүү дээ?
-Дулааны асуудлаа шийдээгүй, хүсэлтээ өгчихсөн байгаа. Очоод шалгаж болно.
-“Авлига хороололд дулаан, цахилгааныг нь өгчихлөө” гээд бөөн асуудал болоод байсан. Анх энэ барилгыг барихдаа хамгийн том усан парк барина гэж байсан ч орон сууц болоод босчихсон. Энэ бол асуудалтай барилга мөн үү гэвэл мөн гэж би хардаг. Гэтэл яагаад тэнд тог цахилгаан өгөөд байгаа юм бэ?
-Авлига хороололд 3 удаа техникийн нөхцөл олгосон байдаг. Цахилгааны хувьд ч тэр, дулааны хувьд ч тэр. Намайг ажил авахаас өмнө 2018-2021 оны хугацаанд олгогдсон байгаа. Үүнийг шалгаж болно. Энэ хороололтой намайг хамааралтай болгох гэж хэд хэдэн удаа гүтгэж байсан удаатай. Би тус хороололтой ямар нэг холбоо байхгүй.
-Гараад ирэх вий дээ?
-100 хувийн баталгаатай. Хэрэв би Авлига хороололтой ямар нэг хамааралтай байгааг баталбал түүнийг олж илрүүлсэн хүнд 100 хувь үнэгүй шилжүүлж өгнө.
-Авлига хорооллыг уу?
-Тийм. Ард нь намайг байдаг гэж янз бүрийн байдлаар гүтгэсэн. Би 2001 онд барилгын салбарт орсон. 2010-аад онд манай компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан залуучууд мөн. Тэдгээр хүний үйл ажиллагааг надтай холбох нь хэтэрхий төвөгтэй биш үү.
-Баянгийн станцтай мөн л таныг холбоотой гэж улс төрийн хүрээнд ярьж байна?
-Яг наад асуудал чинь зохион байгуулалттай. Б.Чойжилсүрэн эрчим хүчний үнэ нэмэх гээд байна шүү дээ. Тэгэхээр “Өөрөө өөртөө үнээ нэмэх гэж байна” гэдэг логик авч ирж наах гээд байгаа хэрэг. Баянгийн цахилгаан станцтай холбоотой ямар нэг оролцоо байдаг бол ил байна. Монголд нууц зүйл гэж байхгүй. Бас л надтай хамааралтай гэж батлах юм бол 100 хувь төрд шилжүүлж эсхүл олж илрүүлсэн хүнд өгнө. Энэ бол 100 хувь санаатай гүтгэлэг.
-Камбожийн компани яагаад тэр том төслүүдэд орж ирээд байдаг юм бэ. Тэднийх эрчим хүчний чиглэлээр тийм алдартай компани юм уу?
-Бас л намайг ард нь байгаа гэж хардах шиг болсон. Ажил хийсэн хүн хардуулалгүй яах вэ.
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ араас нь таны хэлдгээр асуудал гарч ирэх вий дээ. Та уул уурхай, барилгатай хамааралтай хүн. Яаж ч нуусан хэсэг хугацааны дараа асуудал гарах вий дээ?
-100 хувь, 1000 хувийн итгэлтэй байна. Саяны хэлдэг бүх компанитай ямар нэг холбоо байхгүй.
-Яагаад тэр компани шалгараад байгаа юм бэ. Юугаараа давуу талтай юм?
-Тэр компанид санхүүжилтийг нь өгчихлөө. Малайзын банкаар санхүүжилтээ босгож чадна гэдэг баталгаа гаргуулаад ирсэн байна. Үйл ажиллагаа явуулах туршлагаа харуулсан байна. Би шалгаруулдаггүй юм. Үнэлгээний хороо шалгаруулдаг юм.
-Үнэлгээний хороо чинь яаж ажилладгийг хэлж чадахгүй ч гэсэн мэдэж байгаа шүү дээ?
-“Ми тайм” гэдэг компани чинь 5-р цахилгаан станц дээр шалгарчихсан байна шүү дээ. Камбож руу БНХАУ-ын хөрөнгө оруулалтууд айхтар өндөр гардаг. Энэ ямар учиртай вэ гэдгийг хэлье.
2015 оны Парисын хэлэлцээр байгуулагдсан юм. Барууны банкууд нүүрсний төслийг санхүүжүүлэхээ больсон. 2021 онд БНХАУ-ын дарга нүүрсний төслийг санхүүжүүлэхгүй гэдэг улс төрийн шийдвэрээ зарласан. Тэгэхээр санхүүжилт босгох бололцоо намайг сайдаар ажиллаж байхад 10 дахин буурсан байсан. Гэхдээ би тэр 5 тэрбум ам.долларын санхүүжилтийг босгосон. Надтай хамтарч ажилласан залуучууддаа баярлалаа. Тэгэхээр тэр Камбож руу БНХАУ-аас нэлээдгүй хөрөнгө оруулалт гарч байгаа. Тэр санхүүжилтийн эх үүсвэр Хятадаас гараад Монгол руу орж ирж байхыг үгүйсгэхгүй.
-Энэ асуудал тухайн үедээ яригдаад явах байх. Би танаас дахин нэг асуулт асууя. Сайд нар төсвийн мөнгийг нутагтаа илүү тавиулаад, асуудлыг нь шийдээд байна. Та өнгөрсөн жил 100 жилийнхээ ойгоор “Увсын Улаангом хотын төвийн эрчим хүчний 2 тэрбум төгрөгийг би шийдлээ” гээд яриад сууж байсан. Гэтэл нийслэлийн ард иргэд хэцүүхэн байна. Танай төсвийн хөрөнгө оруулалт тийм өндөр болоод байгаа юм уу?
-Чи будилж байх шиг байна. Наадмын талбай руу биш. Улаангом хотын 4, 5, 11-р багийн цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн. 4-р багийн нутаг дэвсгэрийн захад наадмын талбай, цэнгэлдэх хүрээлэн байдаг нь үнэн.
Хоёрдугаарт, өнгөрсөн жил намайг айхтар гүтгэх гэж оролдсон. Төсвийн нэг төгрөгөөр ч Увс аймгийн 100 жилийн ойг хийгээгүй. 10 гаруй тэрбум төгрөгийн хандиваар тэмдэглэсэн.
-Та наадмын талбайд өөрөө сууж байгаад хэлчихсэн л дээ. “Миний багцаас гарсан” гээд?
-Ой угтсан хөрөнгө оруулалтын ажлуудыг буюу 20-иод тэрбум төгрөгийн ажлыг 2022 оноос хойш өгчихсөн. 2025 онд аймгийн 100 жилийн ой болохыг бид мэдэж байсан. Тийм учраас аймгийн төвийн наадмын талбайн хажуугаар явдаг багуудын авто замыг сайжруулж л таарна. 3,6 тэрбум төгрөгөөр, 4,2 тэрбум төгрөгөөр хийсэн.
-Бүр эртнээс хийсэн гэсэн үг үү?
-Тийм. 2022 оноос эхэлж хийсэн гэсэн үг. Цэдэнбал даргын талбайг тохижуулсан нь үнэн. Төсвөөс санхүүжүүлсэн нь бас үнэн. Үүнийг хольж хутгаад байгаа юм.
-Таны өгсөн мэдээллүүдээс л асууж байгаа юм л даа?
-Ер нь бол аймгийн 100 жилийн ой хийхтэй холбогдуулаад, Улаангом хотын өнгө зүсийг сайжруулах бэлтгэл ажил хийгдэж байсан. Түүнийг очоод шалгаж болно.
-Миний асуултын гол цөм нь энэ л дээ. Сайд байж болно. Улс орноо бодох хэрэгтэй юм биш үү. Тэнд нь ТЭЦ III-ын нэг зуух нь дэлбэрчихсэн байхад 2022 оноос зохион байгуулалттайгаар ойн бэлтгэлээ хийгээд, сайд нар нь нутаг руугаа анхаарч байсан байна?
-Эрчим хүчний салбарынх биш. Гишүүний хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтууд шүү. Үүнийг ялгах хэрэгтэй.
-Би танд сонсгоё. “Миний багцаас” гэж байгаа биз дээ?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалт шүү.
-Би 10 жил энэ парламентад сурвалжилга хийж явсан хүн. УИХ-ын гишүүний багц гэж байхгүй. Сайдын багц л гэж бий?
-Сайд нарын багцад дотор бүс нутгийн цахилгаан хангамж, дулаан хангамж гэдэг багц бий. Үүнээс миний яриад байгаа Улаангом хотын холбогдох багуудын цахилгаан хангамжуудыг сайжруулсан.
-Ер нь эрчим хүчний салбар хүнд байгааг ойлгож байна. Бүх бурууг нэг хүн рүү чихэж байна гэдэг нь ч улс төртэй холбоотой гэдгийг ч ойлгож байна. Танд алдаа, оноо байгааг ч мэдэж байна. Ажлаа ярьдаггүй, тайлбарладаггүй. “Том төсөл хөдөлгөх гэхээр ашиг сонирхлын зөрчил гарч ирээд зогсоох гээд байдаг” гэсэн таны үгийг үзэгчдэд үлдээе. Дараагийн сайддаа хандаж хэлэх үг бий юү?
-Эрчим хүчний салбарын шинэчлэлийг хэн ч очиж хийж таарна. Үүнийг хийгээд явах юм бол дараагийн сайдад улс төрийн дэмжлэг үзүүлээд ажиллана. Дараагийн сайд томилогдоогүй байхад урьдчилж юм ярих нь утгагүй. Энэ салбарыг толгойлж байсан хүний хувьд салбарынхаа асуудлыг бүрэн шийдэж амжаагүй. Харин цаашид үргэлжлүүлээд явах юм бол 2 гар, 2 хөлөө өргөөд дэмжих нь ойлгомжтой. Энэ салбарын төлөө миний зүрх цохилох ёстой. Хүнд хэцүү цаг үед хамтарч ажиллаж байсан эрчим хүчний салбарынхандаа талархал дэвшүүлье! Хамтран ажиллахад таатай байсан шүү.
-Цаашдын ажилд нь амжилт хүсье!
