Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ардын билиг зүйч, хөгжим судлаач, яруу найрагч, орчуулагч Жамцын Бадраа агсны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Евгений Онегин” дуурийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 21, 22-нд толилуулна. Гол дүрийн Трикегийн хөгжилтэй, егөөтэй хэсгийг Монгол хэл дээр дуулахаар бэлтгэж байна.
П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь алдарт зохиолч Алесандр Пушкины шүлэглэсэн романаас сэдэвлэсэн Константин Шиловскийн либретто бүхий дуурь юм. П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь нь язгууртан залуу Онегин, романтик сэтгэлтэй бүсгүй Татьяна, түүний дүү Ольга, мөн найрагч залуу Ленский нарын хайр, харамсал, хувь тавилангийн тухай өгүүлдэг.
УДБЭТ-ын Ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир уг дуурийг удирдана.
МУСГЗ, соён гэгээрүүлэгч, ардын урлаг судлаач, яруу найрагч, орчуулагч Ж.Бадраа нь “Евгений Онегин” дуурийг орчуулсан ба 1963 оны 5-р сарын 15-ны өдөр “Евгений Онегин” дуурийг анх Монголын тайзнаа эгшиглүүлж байжээ.
1982 онд Оросын найруулагч Р.И.Тихомиров уг дуурийн найруулга дээр ажиллаж, өнөөг хүртэл Орос хэлээр дуулагдаж байгаа.
“Евгений Онегин” дуурь дахь Трикегийн дүр нь энэхүү дуурийн уур амьсгалд хөнгөн, шог өнгө аяс оруулдаг, шигтгээ болсон дүрийн нэг юм.

Ж.БАДРААГИЙН АМЬДРАЛ, УРАН БҮТЭЭЛЭЭС ХАРУУЛСАН ҮЗЭСГЭЛЭНГЭЭР ЭХЭЛЛЭЭ
“Жамцын Бадраа” сангаас санаачлан зохион байгуулж буй ажлуудын нээлт өчигдөр Монголын Театрын музейд Ж.Бадраагийн амьдрал, уран бүтээлээс харуулсан үзэсгэлэнгээр эхэллээ.
Ойн арга хэмжээний хүрээд:
- -Монголын Театрын музейд 2026 оны 03 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд Ж.Бадраагийн амьдрал, уран бүтээлээс харуулсан үзэсгэлэн дэлгэгдэнэ,
- Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Сургуульд зохион байгуулагдана.
- Ж.Бадраагийн шүлэг, Ц.Намсрайн хөгжим “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол 2026 оны 03 дугаар сарын 21-ний өдөр болно.
- Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театраас Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж, түүний орчуулсан “Евгений Онегин” дуурийг 2026 оны 3 дугаар сарын 21, 22-нд 17:00 цагт тоглоно.
Ж.Бадраагийн үйл хэргийн жин дарах хэсгийг ардын билиг зүй, хөгжим судлал эзлэх бөгөөд “язгуур урлаг”, “уламжлалт сонгодог урлаг” гэсэн ангилал, уртын дуу, хөгжмийн төрөл зүйлийг ангиллын судалгааны шинжилгээний эргэлтэд нэвтрүүлсэн байдаг.
Түүнчлэн өнөөгийн бидний хэрэглэж хэвшсэн төгөлдөр хуур, хийл, дуурь, бүжгэн жүжиг, яруу тунгалаг найрал хөгжим зэрэг олон арван нэр томьёог монгол хэлнээ орчуулан нэвтрүүлжээ.

