Дорноговь аймагт пауэрлифтингийн Дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн 3-р сарын 20-22-ны хооронд үргэлжлэх юм. Тус тэмцээн өсвөр үе, залуучууд, мастер-2, мастер-3 ангилалд нийт 130 тамирчин өрсөлдөнө.
Өнөөдөр тэмцээний хөвгүүдийн 74 кг-ын жинд “Steel Gem” клубийн тамирчин О.Мөнгөнбаатар суултын төрөлд 197.5 кг-ыг өргөснөөр өсвөрийн дээд амжилтыг шинэчлэв. Түүнийг дасгалжуулсан аав Ц.Отгондалай нь классик пауэрлифтингийн Дэлхийн 3 удаагийн аварга, Ази тивийн 5 удаагийн аварга. Монгол Улсын 11 дэх удаагийн аварга тамирчин юм.
О.Мөнгөнбаатар энэ оны 1-р сард болсон УАШТ-д оролцож, 5-р сард Польш улсад болох ДАШТ-д эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхээ авсан юм.
