-Төрсний гэрчилгээг цахимд шилжүүлэх үү?-
Төрсний гэрчилгээний хавтсыг олон дахин сольсон ч чанар алга. Зүгээр л төсвөөс гарч буй бас нэгэн үрэлгэн зардал болж. Учир нь 2012 оноос эхлэн төрсний гэрчилгээг өөрчилж, А5 хэмжээтэй болгосон байдаг. Уг гэрчилгээний хавтас маш хэврэг, авч явахад овор ихтэй гээд шүүмжлэл дагуулжээ. Хавтас нь хэврэг тул 2-3 сарын дараа тасарч, хугарч эхэлсэн талаар иргэд хэлдэг. Үүний улмаас иргэд мөнгө төлж, дахин захиалж авдаг ажээ. Төрсний гэрчилгээний хавтсыг дахин захиалахад 10 мянган төгрөг байжээ. Олон жилийн турш ашиглаж ирсэн төрсний гэрчилгээний хавтсыг 2012 оноос эхлэн шинэчлэх болсон нь төсвийн мөнгийг бүрдүүлэх нэг арга болов уу гэх хардлага олны дунд бий.
Тэгвэл иргэд 2012 онд хэвлэгдсэн төрсний гэрчилгээнд шүүмжлэлтэй хандсаны дараа буюу 2020 онд уг гэрчилгээг шинэчилж, хэмжээг нь дахин өөрчилсөн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд төрсний гэрчилгээ хэвлэхэд хэчнээн төгрөг зарцуулсныг Улсын бүртгэлийн ерөнхий газраас зарласан тендерээс харахад, 2017 онд үнэмлэх, гэрчилгээ, лавлагаа, маягт гэх бичиг баримт хэвлэх нэрийдлээр 270 сая төгрөгийн тендер зарлаж байжээ. 2021 онд 578 сая, 2022 онд 761 сая, 2023 онд 331 сая гэх мэтчилэн мөнгөн дүн нэмэгджээ. Ганхцан жилд зөвхөн төрсний гэрчилгээний хавтас хэвлэхэд 195 сая, гэрчилгээ хэвлэхэд 90-100 сая төгрөг зарцуулсан байна.

2024 оны 11 сард Цагаандавааны хогны цэг дээр төрсний гэрчилгээний 142 ширхэг хавтас хаясан байсан.

Үүнтэй холбогдуулан УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Төгөлдөр “Төрсний болон гэрлэсний, нас барсны гээд иргэний бүртгэлийн гурван гэрчилгээний хавтсыг найман компани хэвлэж нийлүүлдэг. Эдгээр гэрчилгээг хэвлэх тоо хэмжээ жил бүр хэлбэлзэж байдаг.
Жилд 70-80 мянган ширхэг төрсний гэрчилгээний хавтас хэвлэдэг. Үүнд ойролцоогоор 80 орчим сая төгрөг зарцуулдаг. Хогны цэг дээр хаясан төрсний гэрчилгээний хавтсыг бол иргэний улсын бүртгэлээс хаяагүй. Манайх тэр хавтсыг одоо ашиглахгүй байгаа. 2012-2020 онд 210×297 хэмжээтэй тухайн хавтсыг ашиглаж байсан. Харин 2020 оноос хавтасны хэмжээ дахин өөрчлөгдөж 148×105 хэмжээтэй болсон” гэж тайлбарлаж байв.
2012 онд хэвлэсэн төрсний гэрчилгээний хавтас томоос гадна эдэлгээ, чанарын хувьд муу гэх шүүмжлэл дагуулсан ч 2020 онд хэмжээг нь жижгэрүүлсэн хавтасны чанар мөн муу хэвээр байгаа аж. Иргэдийн хувьд төрсний гэрчилгээний хавтсыг жилд зайлшгүй нэг удаа солиулж байгаа юм. Дүүргийн Улсын бүртгэлийн газруудад ч гэрчилгээний хавтас муу гэх гомдол түгээмэл ирдэг гэх. Иймд гомдлоос залхсан Улсын бүртгэлийн ерөнхий газар дахин уг гэрчилгээг өөрчлөх буюу цахим хэлбэрт оруулах тухай яригдаж эхэллээ.
Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар “Бид гэрчилгээг цахим болгохоор ажиллаж байна. Ингэхийн тулд холбогдох бүртгэлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээр үр дагаврын үнэлгээ хийлгэж байгаа юм. Үнэлгээ гармагц дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэсэн юм.
Цахим хэлбэрт шилжүүлэхэд дахин төсвөөс мөнгө гарна. Тэгвэл төрсний гэрчилгээний хавтас, хэмжээг олон дахин өөрчлөхөөс өмнө энэ ажлыг хийх байв уу. Ингэснээр төсөвт ч хэмнэлттэй байх боломжтой байв. Өнгөрсөн хугацаанд төрсний гэрчилгээг олон удаа өөрчилж хэвлэсэн мөнгийг дутагдалтай байгаа улсын бүртгэлийн ажилтныхаа тоог нэмэхэд зарцуулах хэрэгтэй байсан уу гэх мэт олон асуудал хөндмөөр.
2-3 жилийн өмнө хороо бүрд улсын бүртгэгч суудаг байсныг халж, тэднийг нэг цэгийн үйлчилгээний төвд суулгах болсон. Ингэснээр иргэд улсын бүртгэлийн анхан шатны үйлчилгээг авахад цаг их зарцуулах болжээ. Нэг цэгт төвлөрүүлсэн ч улсын бүртгэгч нар хүртээмжгүй байсаар байгаа. Саяхны жишээнээс үзэхэд хэвтэрт байдаг иргэн улсын бүртгэлийн үйлчилгээ авахын тулд олон газрын хаалга татсан байдаг. Чингэлтэй дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний төв дээр тоон гарын үсэг олгодог улсын бүртгэгч байдаггүй гэх шалтгаанаар ийм чирэгдэл учруулсан байдаг юм.
Иймд төрсний гэрчилгээг өөрчилж суухын оронд иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай байлгахад анхаарч, онцгой шаардлагатай асуудалд төсвөө үр ашигтай зарцуулах шаардлагатай байгаа юм.
