Өчигдөр эрчим хүчний салбарын ажилтнууд ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд буй. Цахилгаан дулааны үнийг төрөөс олон жил хазаарлаж ирсэнтэй холбоотойгоор эрчим хүчний салбар тогтмол алдагдал хүлээсээр одоогийн байдлаар 3 их наядын алдагдал хүлээгээд байна. Үйлдвэрлэсэн өртгөөсөө бараг 2 дахин бага зардлаар борлуулж байгаа цахилгаан дулааны үнийг бодит өртөгт нь шатлалтайгаар хүргэх бодлого барьж байгаагаа засгийн газраас мэдэгдэж байгаа. Гэвч эрчим хүчний салбарт төлөвлөж байсан үнийн өсөлтийг төрөөс ахин боож салбарын алдагдлыг улам өсгөсөөр байна.
Гэхдээ энэ асуудлыг Засгийн газар дангаараа шийдэхэд эрх мэдэл дутна. УИХ-аар хэлэлцүүлж төсөвт тодотгол хийх үү эсвэл 2030 он хүртэл гар хүрч болохгүй гэх заалттай баялгийн сангийн хуулийг өөрчлөх үү гэдэг сонголтыг хийж таарах нь.
Цаашид энэ алдагдлыг бууруулах үүднээс эрчим хүчний салбарт үүссэн алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бололцоо байхгүй учраас баялгийн сангаас санхүүжүүлэх санал яригдаж байгаа юм.
Харамсалтай хаврын чуулганы эхний өдрүүдэд УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүй байна. Хэлэлцэх асуудлын дараалалд ч багтаагүй эрчим хүчний салбарын алдагдлыг парламентаас хэзээ шийдэж, хэзээ салбарыг алдагдалгүй болгох бодит үнэ лүү шилжүүлэх нь тодорхой бус байгаа юм.
