Засгийн газрын шийдвэрийн дагуу хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилготой хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд 3 дугаар сарын 21-ний өдөр ажиллаж байна. Тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгж хууль, журам зөрчсөн нь илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан зөрчил гаргасан 7 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам гаргаж, холбогдох байгууллагад хүргүүллээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллагуудын албан хаагчид оролцон ажиллаж байна.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “Байгалийн баялаг бол төр, ард түмний өмч юм. Хууль бус олборлолт нь байгаль орчинд ноцтой хохирол учруулж, улсын төсөвт орох татвар, төлбөрөөс зайлсхийх, далд эдийн засгийг бий болгох зэрэг сөрөг үр дагавартай. Иймд хууль бус уул уурхайн үйл ажиллагаатай төр хатуу тэмцэнэ” гэдгийг онцоллоо.

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбаяр “Байгаль орчны хууль тогтоомжийг чанд мөрдөж, хариуцлагатай уул уурхай эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг төрөөс дэмжинэ. Харин хууль зөрчиж, байгаль орчинд хохирол учруулж буй үйл ажиллагаанд ямар нэгэн хүлцэл байхгүй. Байгалийн баялгийг хамгаалах, газрын хэвлийг зохистой ашиглах нь зөвхөн нэг салбарын асуудал биш, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, улсын урт хугацааны тогтвортой хөгжилтэй шууд холбоотой асуудал” хэмээн онцлов.

Ашигт малтмалыг хууль бусаар олборлох үйл ажиллагаа нь байгаль орчны доройтол, экологийн тэнцвэр алдагдах, татварын орлого буурах, мөнгө угаах зэрэг олон сөрөг нөлөө дагуулдаг. Иймд хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх, газрын хэвлийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид улам эрчимжүүлж ажиллах юм.
