Хэвлэлийн эрх чөлөөний “Ноорог”


Цагдаа нарт жил бүрийн гуравдугаар сард хэвлэн нийтлэх эрх чөлөөний эсрэг “ажиллагаа” явуулдаг жишиг тогтоож байх шиг. Өнгөрсөн жилийн яг өдийд “Ноорог” медиагийн сэтгүүлчдийг саатуулан, мэдүүлэг авч, ажлын байранд нь нэгжлэг хийн, хамаг компьютерийг нь хурааж авсан түүхтэй.

Эргэн сануулвал: Улаанбаатар хот, 2025.03.17-2025.03.18 шилжих шөнө, “Ноорог” медиагийн ажлын байр

2025.03.17-18-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Ноорог” медиаг “Бусдын нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан” гэх үндэслэлээр ажлын байранд нь шалгалт хийж, компьютер, хард, гар утас зэргийг нь хураан авч, сэтгүүлчид болон ажилчдаас нь мэдүүлэг авсан байдаг.

Үүнийгээ “Үндэслэл бүхий шаардлага бий” гэж Цагдаагийн ерөнхий газар итгэлтэйгээр мэдээлж байв. Гэвч олон ноцтой гэмт хэрэгт буруутгаж, хэвлэл мэдээллийн байгууллагын архив, баримт материалуудыг бүрэн шалгачхаад, усанд хаясан чулуу мэт алга болов. Өнөөдрийн байдлаар энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл алга.

Тухайн үед “Ноорог”-ийн хамт олон сонгуулийн талаар баримтат кино бэлтгэж байсан нь эрх баригчдыг айлгаж, шалгах шаардлага үүссэн гэх хардлага ч бий.

Ямартай ч бүтэн нэг жилийн дараа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс эл хэргийн талаар тодруулахад “Тодорхой мэдээлэл алга” гэсэн товч, ойлгомжгүй хариулт өгөв.

Нэг жилийн дараа

Дахин нэг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчдыг бүгдийг нь саатуулж, ажлын тоног төхөөрөмжүүдийг нь хураав.

Улаанбаатар хот, 2026.03.19, Нэгүүн.мн сайтын ажлын байр

2026.03.19 Нэгүүн.мн сайтын ажлын байранд Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж, мөн л “Ноорог” медиатай адил сэтгүүлчдээс мэдүүлэг авч, гар утас болон компьютерүүдийг нь хураав. Харин энэ талаараа цагдаагийн байгууллага мэдээлэхдээ:

“Нэгүүн.мн сайтын сэтгүүлч У, Б нар иргэдийн эмзэг мэдээллийг олон нийтэд тараана гэж сүрдүүлэн, 50 сая болон 30 сая төгрөг нэр бүхий иргэдээс авсан нь баримтаар нотлогдсон” хэмээн тайлбарлав. Харин үүнийг тус сайт эрс үгүйсгэж байгаа.

Одоохондоо Нэгүүн.мн сайтыг буруутгахад эрт байна. Учир нь шүүхээр гэм буруу нь нотлогдох хүртэл хэн ч гэмт буруугүй. Гэхдээ буруугүй гэж өмөөрөхөд ч эрт.

Гэхдээ нэг жилийн өмнө бүхэл бүтэн редакцыг саатуулсан ажиллагааны үр дүн, үндэслэл тодорхойгүй байгаа нь айдас төрүүлж байна. Ноцтой гэмт хэрэгт буруутгаж, хэвлэлийн эрх чөлөөг боомилдог жишиг тогтоож байхыг үгүйсгэх аргагүй.

Дээр нь үнэн эсэх нь тодорхойгүй ноцтой гэмт хэргүүдэд хэвлэлийнхэн холбогдсон гэх мэдээлэл ч олон нийтийн итгэлийг сулруулж байгаа нь бодит үнэн. Энэ мэтээр аажим аажмаар айдаст автуулж, сэтгүүлчдийн амыг барих зорилго байх вий гэдгээс ямагт сэрэмжилж байх учиртай.

Яагаад гэвэл хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн сэтгүүлчийн эрхийн тухай асуудал биш. Ардчилсан нийгэмт ард түмний мэдэх эрх, зөв бурууг шүүн тунгаах боломж нь хэвлэлийн эрх чөлөөнд бий. Хэрэв хэвлэн нийтлэх эрх чөлөө үгүй бол дарангуйлал тогтдогийг Дэлхийн түүх хангалттай харуулдаг.

Хэвлэлийн эрх чөлөөг боомилж, амыг нь барих зорилго агуулаагүй бол Ноорог.мн-ийг шалгасан шуурхай ажиллагааны үндэслэл, шаардлагаа тайлбарлах цаг болсон.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *