Мексикийн зүүн хэсэгт орших Веракрус мужид зорчиж явсан ачааны машины чиргүүл дотор 229 цагаач (үүний 17 нь бага насны хүүхэд) гацсан байсныг өчигдөр олжээ. Ачааны машины чиргүүл дотор олон цаг гацсан цагаач өөрсдөө бусдаас тусламж хүссэн байна. Тус улсын эрх баригчид тэднийг хулгайд алдагдсан ачааны машины чиргүүл дотроос олсон гэж Веракрус мужийн засаг даргын нарийн бичиг Хосе Мануэль Позос мэдээллээ. Тус цагаачдын олонх нь Төв Америкаас ирсэн, 17 нь бага насны хүүхэд байв. Ачааны машин дотор олон цаг түгжээтэй байсны улмаас тэдний ам цангасан байсан аж.
Веракрус муж бол АНУ руу хамгийн их цагаач дүрвэж байсан мужийн нэг. Мөн тус мужаас АНУ руу дүрвэх гэж оролдсон цагаачид картелууд болон бусад гэмт хэргийн бүлэглэлийн хохирогч болох тохиолдол бий. Тэд хилийн цагдаа нарт баригдалгүйгээр хойд зүг рүү хил давахын тулд ачааны машины чиргүүл дотор аюултай орчинд шахцалцаж явах аргыг түлхүү ашигладаг. Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш цагаачлал эрс багасаж, Мексикийн цагаачид АНУ руу хууль бусаар хил давах гэж оролдох нь цөөрсөн ч ийм оролдлого мэр сэр гарсаар байгаа юм.
Тухайн ачааны машиныг Мексикийн Халапа хотын ачигдсан автомашины зогсоолд авчирснаас хэдэн цагийн дараа чиргүүл дотор нь байсан хүмүүс чиргүүлийг балбаж, орилж эхэлсэн байна. Үүнийг сонссон зогсоолын ажилтнууд яаралтай албаны ажилтнуудад дуудлага өгснөөр тухайн чиргүүлийг онгойлгожээ.
Веракрус мужийн цагдаа нар тухайн чиргүүл дотор байсан цагаачдыг автобусаар авч явсан ч хаашаа авч явснаа мэдэгдээгүй байна. Хууль ёсны бичиг баримтгүй цагаачдыг ихэвчлэн Мексикийн цагаачлалын албанд аваачиж өгдөг.

2021 онд Мексикээс АНУ руу дүрвэх гэж байсан ачааны автомашин осолдсоны улмаас 53 цагаач амиа алдаж, 54 цагаач гэмтэж байв.
Эх сурвалж: AP news
