Ж.Энхбаяр: Нийслэл, орон нутгийн санхүүжилттэй томоохон төслүүд зогсохгүй


Ойрх Дорнодод өрнөж буй дайны нөхцөл байдлаас улбаалж, өнөөдрийн байдлаар 50 гаруй улс эдийн засгийн онцгой дэглэм тогтоогоод байна. Тэгвэл Монгол Улс мөн адил онцгой дэглэмд шилжиж буй. Энэ хүрээнд учирч болох эдийн засгийн эрсдэлийг хэрхэн даван туулах талаар ЗГ-аас гаргасан шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээллээ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

-Улсын эдийн засагт хүнд нөхцөл байдал үүсэх эрсдэл бий. Үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай. Шатахууны үнэ ирэх цагуудад өсөж мэднэ. Тиймээс урьдчилан сэргийлэх асуудлыг засгаар хэлэлцэж байгаа юм. Дайны улмаас 14 хоногт газрын тосны үнэ 1 дахин өссөн. Цаашид өсөх эрсдэл өндөр.

Монгол Улс шатахууныхаа 96 хувийг ОХУ-аас авдаг. Нийлүүлэлт хомсдохгүй, харин үнэ нэмэгдэнэ. Тодруулбал, дизель түлшний үнэ 1500 төгрөгөөр нэмэгдэж байгаа. Энэ өсөлтийг барих шаардлагатай байна. Цар тахлыг бэлтгэл сайтар хангасан учраас эрсдэл багатай давсан. Үүний адил давахаар ажиллаж байна.

Одоогоор нөлөөллийн судалгааг тогтмол хийж, хянаж байгаа. Санхүү, эдийн засгийн хямрал үүсэж болзошгүй тул Засгийн газар төлөвлөгөөг ойрын хугацаанд боловсруулна. Ийм үед улс орнууд үндэсний сөрөн зогсох стратегийн бодлогыг боловсруулдаг. Энэ жишгээр бид инфляцад онцгой анхаарна.

Гадаад, дотоод эх үүсвэрийг хэрхэн дайчилж, хөрөнгө оруулалтаа хэрхэн урамшуулах талаар төлөвлөхийн зэрэгцээ яамд хэмнэлтэд шилжинэ. Үнэхээр эдийн засаг хүндэрвэл төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлнэ. Одоогоор нийслэл, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлж байгаа төслүүдийг зогсоох талаар яриагүй. Засгийн газар үүнд оролцоогүй. Ямар улс төржилтөөр энэхүү мэдээлэл цацагдсаныг мэдэхгүй. Цаашид инфляцад нөлөөлөх гол хүчин зүйл нь хүнс. Иймд хүнсний үнийг хөөрөгдүүлэхгүйн тулд бид ажиллана.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *