Туркийн Анталия хотод зохион байгуулж буй “Турк опен 2026” олон улсын нээлттэй тэмцээний пара таеквондогийн төрөлд Монголын пара таеквондогийн шигшээ багийн тамирчид хос мөнгөн медаль хүртжээ.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Парисын паралимпын аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин У.Сүрэнжав, эрэгтэйчүүдийн 61 кг-д паралимпын мөнгөн медальт, дэлхийн таван удаагийн аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ нар мөнгөн медалиар энгэрээ мялаасан байна.
13 дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү нэр хүндтэй тэмцээнд 67 орны 3278 тамирчин пүмсэ, кёруги, пара пумсэ гэсэн төрлөөр аваргуудаа тодруулж байгаа юм. Өчигдөр пүмсэ болон пара ангиллын тэмцээн болсон. Тэгвэл энэ сарын 26-29-нд залуучууд, 30, 31-нд өсвөрийн ахлах насны ангиллын тэмцээн болох хуваарьтай байна.
