“Тунгалаг тамир” мюзиклийг Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд поп оркестртой тоглоно


Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр, нийгмийн зүтгэлтэн, Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын сор бүтээлүүдийн нэг “Тунгалаг Тамир” романыг энэ удаад мюзикл хэлбэрээр тайзнаа толилуулах гэж байна. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдорж уг романыг мюзикл болгож байгаад, дуусгаж амжилгүй нас барсан аж. Түүний шавь, “Анир” поп оркестрын удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Алтанхуяг үргэлжлүүлэн бичиж дуусгасан түүхтэй. Үүнийгээ энэ удаад поп оркестрт хөрвүүлэн, орчин үеийн хэлбэрээр бүтээж буйгаараа онцлог.

Ц.Нацагдоржийн мэндэлсний 75 насны ой, “Анир” рекордсын 25 жилийн ойд зориулан, уг мюзиклийг шинэчилж, үзэгчдэд толилуулахаар сонгожээ.

Уг мюзиклийн хөгжимд “Анир” поп оркестрын удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг шинэ өнгө аяс оруулсан байна. Өнөөг хүртэл үзэгчдийн сэтгэлд хоногшсон уг бүтээлийг ирэх 4-р сарын 9, 10-нд МҮЭСТО-ы тайзнаа тоглоно. Улаанбаатар хотод тоглосны дараа үргэлжлүүлээд, 4 дүгээр сарын 12-нд Дарханд, 13-нд Эрдэнэт хотод толилуулахаар төлөвлөжээ.

“Тунгалаг тамир” мюзикл жүжгийг хөгжимчид, оркестр, СУИС-ийн дуулаачийн ангийн оюутнууд, Архангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, уран бүтээлийг баг гээд нийт 108 хүн тайзан дээр амилуулна. Тэдний ард гэрэлтүүлэг, тайз, шуум, арын албаны багт 50-иад хүн ажиллаж буй аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *