2 жилд 8 хүний амь. Цөөн гэж үү?


Урин хавар хэдийнээ хаяанд ирлээ. Хавартай зэрэгцээд хүүхэд, залуус цахилгаан скүүтер, унадаг дугуй, суррон, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслийг ихээхэн ашигладаг. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дээрх тээврийн хэрэгслийг унаж, замын хөдөлгөөнд оролцох албан ёсны зөвшөөрөл олгодог.

Гэхдээ эрх нээгдлээ гээд аюулгүй байдлаа орхигдуулж болохгүй. Хаврын эхэн үед замыг бүрэн цэвэрлээгүй, шавар шавхай ихтэй, зарим хэсэгт мөс хайлаагүй байдаг. Тиймээс анхаарал болгоомжтой байх нь хамгийн чухал. Түүнээс гадна манай улсын хувьд дугуй, скүүтер, мопедод зориулсан зам үгүй учир авто осол гарах эрсдэл их.

Тиймээс өнгөрөгч 2024, 2025 онд болсон, цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслийг унах явцдаа гэмтэж, бэртсэн тоон мэдээлэл болон амиа алдсан статистик мэдээллийг уншигч танд сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

Өнгөрөгч 2025 онд улсын хэмжээнд дээрх тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол, гэмтэл 2024 онтой харьцуулахад 6 дахин, харин 2022 оноос 55 дахин нэмэгджээ. Энэ төрлийн тээврийн хэрэгслийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэхийн хэрээр осол, гэмтэл дагаад нэмэгдэж байгааг дээрх графикаас харж болох юм.

2025 онд гэмтсэн 2792 хүний 1907 буюу 68,3 хувь нь эрэгтэй байгаа бол 885 нь буюу 31,3 хувь нь эмэгтэй байна. Осолд орсон 10 хүн тутмын 7 нь эрэгтэй.

Ослын улмаас бэртэж, гэмтсэн иргэдийг насны бүлгээр авч үзвэл 15-19 насныхан хамгийн их гэмтсэн байна. Түүнчлэн 10-29 насныхны гэмтэл 72 хувийг эзэлж байгаа бол 10-19 насны хүүхдүүдийн гэмтэл 46,6 хувийг эзэлж байна. Үүнээс үзэхэд өсвөр насныхан болон залуучуудын дунд эрсдэл хамгийн өндөр байгааг харж болох юм.

Осолдсон хүмүүсийн 123 нь буюу 4,4 хувь нь согтуудаа осолд өртсөн байна. Түүнчлэн гэмтсэн хүмүүсийн 168 /6.0 хувь/ нь хамгаалах малгай өмссөн, 2351 /84.2 хувь/ нь хамгаалах малгайгүй байсан аж. Үүнээс үүдэж толгой, нүүрээ гэмтээх эрсдэл эрс нэмэгдсэн байна.

Гэмтсэн эрхтний байршлаар авч үзвэл өвдөг ба шилбэ /26.6 хувь/, тохой ба шуу /13,6 хувь/, бугуй ба сарвуу /10,2 хувь/, шагай ба тавхай /14,4 хувь/ гэх мэт мөчдийн гэмтэл давамгайлж байсан бол толгойн гэмтэл нийт тохиолдлын 17.2 хувийг дангаараа эзэлж байна.

Гэмтсэн эрхтний төрлөөр зөөлөн эдийн гэмтэл 39.5 хувь, хугарал 22.5 хувь, шарх 16.3 хувь, мултрал, суналт 10.7 хувь, гавал доторх гэмтэл 9.6 хувь, бусад гэмтэл 1.4 хувийг эзэлж байна.

Мопедтой зорчих үедээ осолд өртсөн тохиолдол бүх насны бүлэгт хамгийн өндөр хувьтай байна. Тухайлбал,

  • 10–19 нас 751,
  • 20–29 нас 432,
  • 30–39 нас 215,
  • 40–49 нас 70 осол тус тус бүртгэгджээ.

Харин цахилгаан скүүтертэй зорчих үедээ өртсөн осол залуучуудын дунд илүү өндөр байна.

  • 10–19 нас 217,
  • 20-29 нас 163,
  • 30–39 нас 140. Эдгээр насны бүлэгт скүүтерийн хэрэглээ нэмэгдэж, ослын тохиолдол өсжээ.

Мөн явган зорчигчийн осол өндөр настан болон бага насныханд илүү их байгаа аж.

Тухайн тээврийн хэрэгслийн шалтгаант нас баралт 2024 онд 3, 2025 оны эхний 10 сарын байдлаар 5 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн нас барсан тохиолдлын дундаж нас 33 байгаа юм.

Сүүлийн 2 жилийн хугацаанд амь насаа алдсан 8 хүний 3 нь эмэгтэй хүн бол 5 нь эрэгтэй хүн байна. Түүнээс гадна нэг иргэн явганаар зорчиж явахдаа скүүтерт мөргүүлж, амь насаа алджээ.

Иймд иргэд та бүхэн цахилгаан дугүй, скүүтер, мопед, суррон зэргээр замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байж, басхүү өөрийн болон бусдын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн насанд хүрээгүй бол дээрх тээврийн хэрэгслүүдээс татгалзаж, аюулгүй тээврийн хэрэгсэл сонгохыг уриалж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *