АНУ-ын долларын дэвсгэрт дээр Доналд Трампын гарын үсгийг тавихаар болжээ. Доналд Трамп ийнхүү төрийн эрх барих хугацаандаа долларын дэвсгэрт дээр гарын үсгээ тавих АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон байна.
АНУ үүсгэн байгуулагдсаны 250 жилийн ойг тохиолдуулан, АНУ-ын Сангийн яам долларын дэвсгэрт дээр Ерөнхийлөгч Доналд Трамп, Сангийн сайд Скотт Бессент нарын гарын үсгийг хамт тавихаар болсноо зарлалаа.
100 жилийн өмнөөс тус улс тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байгаа хүмүүсийн гарын үсгийг мөнгөн дэвсгэрт дээрээ хэвлэдэг болсон аж. Тэгвэл энэ удаад анх удаа Ерөнхийлөгчийн гарын үсгийг Сангийн сайдын гарын үсэгтэй хамт тавих гэж байна.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент уг шийдвэрийн талаар “АНУ-ын долларын дэвсгэрт дээр Ерөнхийлөгч Доналд Трампын гарын үсгийг байрлуулах нь энэ орныхоо төлөө байгуулсан түүнийг гавьяаг үнэлэх хамгийн хүчирхэг алхам” гэж мэдэгджээ.
Доналд Трамп, Скотт Бессент нарын гарын үсэгтэй анхны 100 ам.долларын дэвсгэртийг 6-р сард хэвлэнэ. Харин бусад дэвсгэртийг дараа нь хэвлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: BBC
