УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр 10:00 цагаас ээлжит бус хуралдаж, шатахууны үнэ, нийлүүлэлтийн талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямын мэдээллийг сонсож, цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэв.
-АН-ын дарга О.Цогтгэрэл:
-Эрх баригч нам “Аливаа намын дарга их хурлын дарга байхыг хуулиар хориглоогүй” гээд байгаа. Хуулиар хориглосон бол угаасаа болохгүй ш дээ, энэ чинь. Тийм биз дээ? Хуулиар хориглосон зүйлийг хийгээд сууж байна гэж байхгүй биз дээ?
Хуулиар хориглоогүй учраас болно гэдэг тайлбар чинь зарчимгүй. Хуулиар хориглоогүй ч парламентат ёсны зарчимд нийцэхгүй байгаа зүйлийг засъя л гэж байна. Буруу жишгийг засъя. Буруу уламжлалыг засах нь зүйтэй.
-Энэ шаардлагаа МАН-ын бүлэгт албан ёсоор бичгээр хүргүүлсэн үү?
-Ж.Бат-Эрдэнэ даргыг УИХ-ын индэр дээр хурал удирдаж байхад Х.Тэмүүжин гишүүн бичгээр гардуулж өгсөн. Бичлэг нь байгаа. Та бүхэн бичлэгээ ухраагаад хараарай.
–Н.Учрал УИХ-ын даргын албан тушаалаас огцорвол та бүхэн чуулганы хуралдаа суугаад, ажлаа хийх үү?
-Мэдээж тийм шүү дээ. Бид хэвийн ажиллаж байна. Бүлгийн хурал гэдэг чинь чуулганы нэг хэсэг. Өнөөдөр бид ээлжит бусаар хуралдлаа.
-Хаврын чуулган нээснээс хойш та Н.Учрал даргатай уулзсан уу?
-Үгүй.
-МАН танд ямар нэг санал тавьсан уу?
-Үгүй.
-Шинэ ЗГ байгуулагдвал АН хамтрах уу?
-Олонх болсон нам Үндсэн хуулийн дагуу ЗГ-аа бүрдүүлээд яв гэдэг байр сууриндаа байгаа.
–Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хийж байна гэсэн мэдээлэл байна?
-Тийм зүйл байхгүй. АН дотооддоо сонгуулиа амжилттай зохион байгууллаа. Бага сага маргаан, гомдол гарсан байхыг үгүйсгэхгүй.
-Парламентын ажил гацсан шалтгааныг МАН танай намтай холбон тайлбарлаж байна. Үүнд та ямар хариу өгөх вэ?
-УИХ-ын ажлыг АН гацаагаагүй. МАН, ХҮН, ИЗНН-ын 80 гишүүнтэй эвсэл, хамтрал яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ? Биднээс биш, тэднээс асуугаач! Та нар харин хаяг андуураад байх шиг байна.
