Н.Учралыг баярлуулж, Г.Занданшатарыг гомдоосон МАН-ын бага хурал  


“Ханхүү” нараас одоогоор хамгийн өндөрт гарсан нь Н.Учрал болоод байна. Баян айлын хүү болж төрсөн хөвгүүд Монголд зөндөө ч түүн шиг өндөрт гарсан нь одоогоор алга. Үнэхээр азтай. 2012 онд МУБИС-д түүхийн ухааны магистрын зэрэг хамгаалаад, ганцхан жилийн дараа доктор болсон байдаг. Олонх хүн доктор болоход 3 жил зарцуулдаг бол тэр ганцхан жилийн дотор ийм зэрэгт хүрчээ.

25 настайдаа нийслэлийн МАН-ын хорооны Улс төрийн хэлтсийн дарга болсноос хойш 14 жилийн дотор УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалд хүрсэн “ханхүү” хэд байна. Байхгүй. Тэр тусмаа ганцхан жилд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болсон нь үгүй. Үүнийг зүүдэлж л болдог байх. Тэр харин бодит амьдралд биелүүлж явна.

УИХ-д 3 удаа сонгогдсон, байнгын хорооны дарга хийж үзсэн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, ЗГХЭГ-ын дарга гээд түүнд хашиж үзээгүй албан тушаал үлдсэнгүй. Одоо түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг албан тушаал л үлдэв. Монголын Франчайзингийн ассоциацын ерөнхийлөгч, Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч, НАМЗХ-ны ерөнхийлөгч болж, ерөнхийлөгч гэдэг нэрийг гурвантаа зүүсэн түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтий ойрхон харагдаж байгаа биз.

УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалд хүрсэн “ханхүү” хэд байна

Гэвч түүнд 6 жил хүлээхээс өөр арга алга. Н.Учрал одоо 39 настай. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг мөрөөдөх эрх түүнд үгүй. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн, 2028 оны парламентын сонгуулиар намаа ялуулж, 2033 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зүтгэх зам л түүнд үлдлээ.  

Уг нь тэр МАН-ын дарга. Гэвч намынхаа гишүүдийг хуралд нь суулгаж чадсангүй. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 20 гаруй гишүүн УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралд суулгүй, Н.Учралыг хийх ажилгүй болгов. Гишүүдээ хуралд нь суулгаж чадаагүй буруугаа АН-ын бүлэгт тохож үзэв. Аргаа барсан хүний арчаагүй арга. “Ичсэн хүн хүн ална” гэж монголчууд үүнийг хэлдэг л дээ.

Гэвч түүнийг басаж болохгүй. Ирц бүрдүүлж яагаад ч чадахгүйгээ ойлгомогцоо сул талаа давуу тал болгож хувиргахаар шийдсэн, ухаантай толгой. Намынхаа Удирдах зөвлөлийг хуралдуулж, “Ирцгүй парламент удирдаж чадахгүй” хэмээн хошуугаа унжуулан, Г.Занданшатараас Ерөнхий сайдын сэнтийг авчихлаа. Түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт гэж энэ.

Ирц бүрдүүлж яагаад ч чадахгүйгээ ойлгомогцоо сул талаа давуу тал болгож хувиргахаар шийдсэн, ухаантай толгой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээр крандуулан, ганцхан жилийн дотор хүрч болох өндөрт хөл тавьсан түүнийг баяр хөөрөө бялхуулан гүйж явах зуур Төрийн ордонд яг түүний эсрэг дүр хөмхийгөө зуучихсан явна. Г.Занданшатарыг ч бас Ерөнхийлөгч крандсан. Гэвч өргөөд, өргөөд дийлсэнгүй. УИХ-ын гишүүн гэдэг далавчаа өнгөрсөн сонгуулиар тас хяргуулсан түүнийг яаж ч өргөөд, ниссэнгүй. Тэр үнэхээр азгүй. 2024 онд аз түүнийг орхисон мэт.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай хамт Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нэр дэвшсэнээр түүний час өдрүүд эхэлсэн гэж зарим хүн үздэг. Г.Сайханбаярын ухуулагч нь сонгуулийн сурталчилгааны үеэр өрсөлдөгч намын гишүүний аминд хүрсэн нь МАН-ын нэр дэвшигчдийг тус тойрогт ялагдахад хүргэсэн гэж хэлье гэх нь ээ 9 хүнээс 6 нь ялагдаж, Б.Батцэцэг, Г.Тэмүүлэн, М.Энхцэцэг гуравт сонгогчид саналаа өгсөн. Хэрвээ Г.Сайханбаярын ухуулагчаас болсон гэвэл МАН-ын нэр дэвшигчид бүгд унамаар. Тэгэхээр Г.Занданшатар энд үнэхээр азгүй байлаа.

Г.Занданшатарыг сонгуульд өвдөг шороодмогц Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЕТГ-ын даргын суудлыг Я.Содбаатараас авч, Г.Занданшатарт өгсөн. Дараа нь Л.Оюун-Эрдэнийг хүчээр огцруулж, оронд нь Г.Занданшатарыг тавьсан. Гэвч дэмжээд, өргөөд, түлхээд явсангүй. Буцаад өнхөрчихлөө. УИХ-ын гишүүн биш хүнийг яаж ч өргөөд, түлхээд өндөр албан тушаал дээр тогтдоггүй юм байна.

УИХ-ын гишүүн гэдэг далавчаа өнгөрсөн сонгуулиар тас хяргуулсан түүнийг яаж ч өргөөд, ниссэнгүй

Ер нь Г.Занданшатарыг ингэж хэн ч биш болгосон хүмүүс нь МАН-ын бага хурал. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг огцруулахдаа тус намын бага хурал АН-тай хамтрахгүй байхыг дараагийн Ерөнхий сайдад даалгасан. Хэрвээ ийм хаалт тавиагүй бол Г.Занданшатар хамтарсан ЗГ-ыг үргэлжлүүлэх байсан биз. Тэр Л.Оюун-Эрдэнийн танхимыг нэг их өөрчлөөгүй шүү дээ.

АН-тай хамтарсан бол Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нараас хамааралгүйгээр Н.Учрал чуулганаа хуралдуулж чадах байлаа. Г.Занданшатар засгаа удирдсаар байх байлаа. Гэвч намынх нь эрх барих дээд байгууллага Н.Учралыг албан тушаалын шатаар учиргүй хурдан дээшлэх, Г.Занданшатарыг гайхмаар хурдан доошлох замыг засаж өгсөн. Н.Учрал талархлаа, Г.Занданшатар гомдлоо бага хуралдаа л гаргах хэрэгтэй.  

Ер нь Г.Занданшатарыг ингэж хэн ч биш болгосон хүмүүс нь МАН-ын бага хурал

Өндөр дээр удаан тогтохын тулд түүнд МАН-ын даргын тамга үнэхээр их хэрэгтэй байлаа. УИХ-ын гишүүн биш ч гэлээ намын дарга болох боломж түүнд байв. “УИХ-ын гишүүн биш хүн МАН-ын дарга байж болохгүй”, “МАН-ын дарга нь УИХ-ын гишүүн байна” гэсэн заалт тус намын дүрэмд үгүй. Гэвч тус намын бага хурал түүнд тийм боломж олгосонгүй. “Сонгогчдын саналыг авч чадаагүй хүн манай намыг удирдах ёсгүй” гэж намынх нь гишүүд үзсэн. УИХ-ын гишүүн болж чадаагүй бол намын дарга болоход ч хэцүү ажээ.

Хэрвээ намын дарга болчихсон бол Г.Занданшатар өнөөдөр ингэж хаачихаа мэдэхгүй, орох байх газраа олж ядахгүй байх байлаа. Гэвч бага хурлынх нь гишүүд түүнээс нүүр буруулж, сая Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөд нь “Ерөнхийлөгч болоорой” гэх ухааны юм хэлж, манжлав. МАН-д адлагдсан хүн Монголын төрийг удирдаж болно гэх нь байж боломгүй гутамшигтай явдал байлаа. Ийм л хүмүүсээр энэ нам дүүрчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *