Нийгмийн даатгалын хуулиар зохицуулагддаг ажилгүйдлийн тэтгэмжийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар НДЕГ-ын тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн П.Эрдэнэтэй ярилцлаа.
-Даатгуулагч ямар нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах вэ. Уг тэтгэмжийг ямар хугацаанд олгох ёстой байдаг бол?
-Даатгуулагч нийт 24 сар буюу түүнээс дээш хугацаанд, мөн ажилгүй болохоос өмнөх 9 сард ажилгүйдлийн тэтгэмжийг тасралтгүй төлсөн байх учиртай. Өмнө нь ажилгүйдлийн тэтгэмж авч байсан даатгуулагчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг 12 сар, үүнээс ажилгүй болохоос өмнөх 3 сард тасралтгүй төлбөл ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь дахин үүснэ.
Тухайн даатгуулагч ажилгүй болсон тухай ажил олгогчийн шийдвэр буюу тушаалаа хүлээж авснаас хойш хуанлийн 28 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 сарын дотор хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гаргадаг. Хүсэлт хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор тэтгэмжийг бодож олгох хуультай.
-Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг хэрхэн, яаж тогтоодог вэ?
-Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 9 сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тооцдог. Даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацаанаас нь хамаараад 24-59 сар төлсөн 50 хувь, 60-119 сар төлсөн бол 55 хувь, 120-179 сар шимтгэл төлсөн 60 хувь, 180 ба түүнээс дээш бол 70 хувиар тэтгэмжийг тус тус тогтоон олгодог.
-Даатгуулагчдын хувьд хамгийн багадаа хэдэн төгрөг, хамгийн ихдээ хэдэн төгрөгийн тэтгэмж бодогддог вэ?
– Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан сараас хамаараад хамгийн багадаа 24 сар шимтгэл төлснөөр тооцно гэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 төгрөгөөр цалинждаг даатгуулагч гэхэд 50 хувиар буюу 1 сая 400 мянган төгрөгийн тэтгэмж авна. Харин 180 сар ба түүнээс дээш сар шимтгэл төлж 70 хувиар тэтгэмж тооцоход хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин өсгөсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас буюу 7,920.000 төгрөгөөс 70 хувиаар тооцож олгоно гэхээр 20 орчим сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг 76 хоногийн хугацаанд авна.
-2025 онд хэчнээн даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авсан бэ. Жил ирэх бүр ажилгүйдлийн тэтгэмж авах даатгуулагч нэмэгдэж байна гэх юм. Энэ талаар тоо баримт дурьдвал?
– Нийгмийн даатгалын байгууллагаас 2024 онд ажилгүйдлийн даатгалын сангаас нийт 31.5 мянган даатгуулагчид 136.3 тэрбум төгрөг, 2025 онд 34.0 гаруй мянган даатгуулагчид 163.7 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулсан байна. 2025 оныг урьд онтой харьцуулахад 2,500 орчим даатгуулагчаар өссөн үзүүлэлттэй байна. Энэ хэмжээгээр олгох тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэн. 2026 он гарсаар 13.5 мянган даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасныг шийдвэрлэж 73.7 тэрбум төгрөг олгоод байна. Энэ нь өмнөх жилүүдийн энэ үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Учир нь өмнөх 2025 оны тэтгэмж олгох хуваарь үүссэн даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжид 50.2 тэрбум төгрөгийн тэтгэмжийг 2026 оны төсвөөс 2026 оны 1 дүгээр сард бүрэн олгосонтой холбоотой. Сард ажилгүйдлийн даатгалын сангаас сард ойролцоогоор 3000 орчим даатгуулагчид 12 орчим тэрбум төгрөгийн тэтгэмж олгодог.
-Төр, засаг тогтворгүй байгаатай холбогдуулан, төрийн албан хаагчдын ажлын байр ганхаж, ажлаасаа гарахад хүрдэг. Энэ нь Нийгмийн даатгалын санд хэр ачаалал өгч байна вэ. Энэ жил Ажилгүйдлийн даатгалын санд хэдэн төгрөг төсөвлөгдсөн бэ?
– Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагад ажил олгогч, даатгуулагчдын хамралт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, дундаж цалингийн өсөлт, төсвийн байгууллагын цалингийн өсөлт, нийгмийн даатгалын хувь хэмжээ гэх.мэт олон хүчин зүйлүүд нөлөөлж байдаг. Мөн 2025 онд Монгол Улсын хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлд төрийн албанд шинэчлэл хийж, чиг үүргийн давхцалыг арилгахаар тусгасан. Энэ хүрээнд багш, эмч нараас бусад төрийн албан хаагчийн орон тоог 9 хувиар бууруулахаар шийдвэрлэсэн. Үүнээс 6028 сул орон тоог хасах, 6854 төрийн албан хаагчийг чөлөөлөх шийдвэр гарсан байдаг.
Энэ хэрээр төрийн албан хаагчийн ажилгүйдлийн тэтгэмж авах хүний тоо тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Эдгээр төрийн албан хаагчдад 13.6 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосон тооцоотой байна. 2026 оны төсвийн тухай хуулиар Ажилгүйдлийн даатгалын санд 192 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого хуримтлуулж, 190 тэрбум төгрөгийн зарлага гаргахаар сангийн төсөв батлагдсан. Нийгмийн даатгалын байгууллага энэ батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
–Давхар ажилтай учраас ажилгүйдлийн тэтгэмж авна гэсэн ойлголт хүмүүсийн дунд бий. Энэ талаар тодруулбал?
-Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд нийгмийн даатгалд хамрагдах хэлбэр, хамрах хүрээг, хуулийн 18 дугаар зүйлээр шимтгэл төлөх хувь хэмжээг, 21 дүгээр зүйлээр хэн хариуцаж, хэрхэн төлөх тухай тус тус хуульчилсан байдаг.
Хуульд зааснаар даатгуулагч үндсэн ажлаас гадуур хэд хэдэн ажил зэрэг хийж болохоор хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн даатгуулагч ажил олгогчтой ямар гэрээ байгуулснаас хамааараад шимтгэл төлөлтийн хувь, хэмжээ, хэн хариуцан төлөх нь өөр өөр байдаг, тиймээс үндсэн ажил олгогчоо (ажлаа) зөв тодорхойлох нь чухал. Жишээ нь даатгуулагч хөдөлмөрийн гэрээтэй үндсэн ажил олгогч (тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдэврлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд шимтгэл төлнө) оос гадна хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр (зөвхөн тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлөгддөг), мөн өмчийн бүх хэлбэрийн хууийн этгээд, хүнтэй ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу (зөвхөн тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын санд шимтгэл төлөгддөг) гээд 3 өөр ажил олгогчтой, гэрээ байгуулан (ажилгүйдлийн даатгалын шимтгэл) нийгмийн даатгалын шимтгэл давхардуулж төлөөд, бүгдээс нь ажилгүйдлийн тэтгэмж авна гэх ойлголттой байдаг. Ийм маргаан түгээмэл гарч байна. Энэ тохиолдолд Нийгмийн даатгалын байгууллага үндсэн ажил олгогчоосоо л чөлөөлөгдвөл ажилгүйдлийн тэтгэмж олгох хуулийн зохицуулалттай. Иймээс даатгуулагч нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд заасан үүргийн дагуу ажил олгогч, байгууллагадаа ажил эрхлэлтийн талаархи мэдээллээ үнэн зөв өгч, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэлээ тооцон, нийгмийн даатгалын тайланд зөв тусгах нь чухал юм.
-Ажилгүйдлийн тэтгэмжийг хуулийн хугацаанд олгоогүй гэх гомдол түгээмэл гардаг. Үүнд нөлөөлж буй гол шалтгаан нь юу вэ? Аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэлээ цаг тухайд нь төлдөггүйтэй холбоотой байх шиг харагддаг.
–Ажлаас чөлөөлөгдсөн иргэн ажил олгогчийн шийдвэр буюу ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойш 28 хоногт багтаан, нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-д тэтгэмж авах хүсэлтээ гаргах ёстой. Даатгуулагч хүсэлтээ цахимаар болон цаасаар очиж гаргаж болно. Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн хүсэлтээ өгч бүртгүүлсэн өдрөөс нь эхлэн, ажилгүйдлийн тэтгэмжийг тооцдог. Тухайн иргэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүсэлтээ хоцроосон бол 76 хоног авах ёстой ажилгүйдлийн тэтгэмжийн олгох хугацаанаас хасагдана. Тиймээс аль болох хугацаа алдахгүй хуульд заасан хугацаанд хүсэлтээ өгөх нь чухал.
Мөн Ажил олгогчийн шимтгэл төлөх үүргийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т даатгуулагчид олгосон цалин хөлсний сангаас хуулиар тогтоосон хувь хэмжээгээр тооцон сар бүр төлөх үүргийг хуульчилсан байдаг. Аж ахуйн нэгж, байгууллага буюу ажил олгогч нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүйгээс шимтгэлийн өр үүсэж байна. Энэ нь даатгуулагчид хуулиар заасан ажилгүйдлийн тэтгэмжийн эрх үүсэхгүй, тэтгэмж хугацаандаа олгогдохгүй байгаа нэг шалтгаан нь болж байна. Үүнээс болж даатгуулагч хохирох эрсдэлтэй байдаг. Ажил олгогч нь даатгуулагчийн цалин, хөлснөөс шимтэл төлөхөөр суутган авчихаад, нийгмийн даатгалын санд төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.
Өөрөөр хэлбэл шимтгэл төлөгдөөгүйгээс шимтгэлийн өр үүсдэг, үүнээс шалтгаалаад даатгуулагчийн тэтгэвэр, тэтгэмж авах эрх зөрчигддөг. Нэг талаас даатгалын үндсэн зарчим нь ирээдүйд учирч болох санхүүгийн асуудлаа (эрсдэл) хуваалцах зорилгоор өнөөдөр даатгуулж шимтгэл төлж байгаа хэлбэр юм. Нөгөө талаас “тэтгэмж” гэдэг бол нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн даатгуулагч … ажилгүй болох тохиолдолд өөрт нь олгох нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлдэг. Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, дутуу төлөгдсөн, хугацаа хожимдож төлөгдсөн, шимтгэлийн тайланг ирүүлээгүй зэрэг шалтгаанаар даатгуулагч тэтгэмжээ авч чадаагүй, эсхүл хугацаандаа авч чадаагүй бол тэтгэмжийг ажил олгогч төлөх үүргийг хуулиар хүлээдэг.
