“К” ХХК ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн орон сууцыг нурааж, газар дээр нь шинэ орон сууц барьжээ. Энэ төслийнхөө гэрээг дүгнэхийн тулд нийтийн албан тушаалтан Я.Болороор гарын үсэг зуруулах шаардлагатай болсон байна. Я.Болор уг гэрээний актад гарын үсэг зурсныхаа хариуд Э.Гантуяагаар дамжуулан, “К” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан уг орон сууцнаас хямдхан авчээ. Э.Гантуяа нь тус компанийн захирлын төрсөн дүү аж.
216,5 сая төгрөгийн үнэтэй 65,21 ам м талбайтай орон сууцыг Я.Болор өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр шилжүүлэн авсан байна. Ингэхдээ 1 ам м талбайг 1,7 сая төгрөгөөр тооцон, нийт 110,8 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, орон сууц захиалах гэрээ байгуулжээ. Я.Болор Э.Гантуяагаас нийт 113,1 сая төгрөгийн хахууль авсныг АТГ тогтоожээ.
Анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд, Я.Болорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд их хэмжээний хахууль авах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жил хасаж, 5 жил хорих ял оноосон байна.
Э.Гантуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан, хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жил хасаж, 10 сая төгрөгөөр торгожээ.
Тэд үүнийг эсэргүүцэн давж заалдсан байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026.03.31-нд хэргийг хэлэлцээд “Тухайн үед тус байр 158,2 сая төгрөгийн үнэтэй байсан нь гэрчүүдийн мэдүүлэг, гэрээ, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Я.Болор тус байрыг 110.8 сая төгрөгөөр авсан. Тэрээр бусад иргэдээс 1 м.кв-ыг нь 700,000-800,000 төгрөгөөр хямд худалдан авах замаар 47.3 сая төгрөгийн хахууль авсан. Шүүгдэгч нарын хоорондоо мөнгө шилжүүлсэн үйлдэл нь хахууль авах гэмт хэргийн шинжгүй бөгөөд нотлох баримтаар нотлон тогтоогоогүй. Тус хэрэг 2022 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө үйлдэгдсэн учир тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулиар шийдвэрлэнэ” гэж дүгнэлээ. Ингээд Я.Болорт оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жил хасаж, хорих ялыг нь 18.8 сая төгрөгөөр торгох ялаар солив. Харин Э.Гантуяагийн ялыг хэвээр нь үлдээлээ.
