УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ чуулганыг нэлээдгүй хугацаанд чиглүүлж мэдэхээр боллоо. Аль нэг намын даргаар парламентыг удирдуулахгүй гэж гүрийсээр Н.Учралыг УИХ-ын даргын албан тушаалаас ховхолж, Г.Занданшатарын ЗГ-ыг огцруулж дөнгөсөн АН-ын бүлэг одоо УИХ-ын дарга болгох хүнээ 64 гишүүний гарын үсэгтэйгээр чуулганд оруулж ирэхийг шаардаж эхэллээ. УИХ-ын даргыг 64 гишүүний саналаар эргүүлэн татдаг. Бас огцруулдаг. Тэгэхээр сонгохдоо ч 64 гишүүний саналаар УИХ хэлэлцдэг байх ёстой гэж тэд үзэж байна. Зөв л дөө.
Гэтэл УЗ ямар ч өрсөлдөөнгүйгээр С.Бямбацогтыг ганцааранг нь нэр дэвшүүлж, баталжээ. УИХ дахь МАН-ын бүлэг ч түүнийг дэмжсэн байна. Үндсэндээ парламент хэнээр чигээ заалгахаа өөрсдөө шийдэж чадахгүй, МАН-аар заалгаж байна. Заалгасаар ч ирсэн. Харин одооноос үүнийг цэглэх боломжтой.
С.Бямбацогтыг УИХ-ын дарга болгохыг дэмжих эсэхээ парламент хэлэлцэнэ. Гэвч яг одоогоор чуулган хуралдаж чадах эсэх нь эргэлзээтэй байна. АН-ын бүлэг лав уг хуралд оролцохгүй шинжтэй. Учир нь тэд МАН-аас томилж явуулсан хүнээр даргалуулахыг хүсэхгүй байгаа. МАН-ын бүлгийн Д.Амарбаясгалан тэргүүтэй 30 гишүүн С.Бямбацогтыг дэмжихгүй байж, АН-ын бүлгийн шаардлагыг дэмжиж тоглох магадлал өндөр байна.
