УИХ дахь ХҮН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа талаар сэтгүүлчдэд танилцууллаа.
УИХ-ын гишүүн П.Ганзориг:
-УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Өнөөдөр ТББХ хэлэлцээд дэмжсэн. Одоо чуулганаар хэлэлцэнэ. УИХ-ын дарга намаасаа түдгэлзэх гол агуулга энэ хуулийн төсөлд байгаа. Уг асуудлыг ХҮН-ын зөвлөл хэлэлцэж, энэ нь зарчмын хувьд зөв гэж үзлээ. Бид үүнийг анхнаас нь дэмжиж байсан. Энэ байр сууриа бататгаж, нэгтгэлээ.
УИХ хэтэрхий нэг намын бодлоготой үйл ажиллагаа явж, хууль батлах, ажлын хэсэг гаргах, сонсгол зохион байгуулах гээд асуудалтай зүйлүүд орж ирж байна. ЗГ огцрох бүрт УИХ-ын дарга солигдож байна. УИХ-ын дарга намаасаа түдгэлзэх ёстой гэсэн хуулийн төслийг 100 хувь дэмжиж байна.
-С.Бямбацогтын тухайд…?
УИХ-ын даргад МАН-ын бүлэг С.Бямбацогтыг нэр дэвшүүлж байна. Түүнийг ХҮН-ын зөвлөл нэгдсэн байр суурьтайгаар дэмжиж байна.
–Танай нам С.Бямбацогт нэр дэвшигчтэй уулзахдаа бүлэг байгуулах хүсэлт тавьсан байна. Хууль зөрчиж бүлэг байгуулах гээд байгаа юм уу?
-УИХ-д 10 гишүүнтэй нам бүлэг байгуулж болно. Өмнө нь 8 байсан. ХҮН зөвлөлийн зохион байгуулалтад ороод, чуулган дээр бүлгийн эрх эдлэхгүй ч гэсэн намын бүлгүүд шиг байр сууриа илэрхийлж, парламентын үйл ажиллагаанд оролцож байгаа. Тэр агуулгаараа одоо байгаа хууль эрхзүйн орчныг өөрчлөөд… Ганцхан ХҮН биш. 2028 оны сонгуулиар багадаа 3 нам УИХ-д бүлэгтэй байх боломжийг нээх бодлого байна уу, үгүй юү гэдэг талаас нь асуусан юм.
-Шинэ ЗГ-т танайх аль салбарт хэдэн сайдтай болох бол?
-Шинэ ЗГ-т Т.Доржхандыг Шадар сайдаар үргэлжлүүлэн ажиллуулж, Эрчим хүчний сайдаар Б.Найдалааг ажиллуулахаар санал нэгдсэн.
