Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдоржийн мэндэлсний 75 жилийн ойд зориулан, УДБЭТ “Үүлэн заяа” дуурийг толилуулах гэж байна. Уг дуурийг 4-р сарын 11, 12-нд тоглоно.
Монголын хөгжмийн нэрт зохиолч Ц.Нацагдорж 1951 оны 4-р сарын 17-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Шаврынханан хэмээх газар төржээ. Тэрбээр 1985 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналыг II симфони, “Хөдөөгийн сайхан” симфони чуулбараар авсан бол 1993 онд “Үүлэн заяа” дуурь, IV симфони, “Хөдөөгийн сайхан” симфони чуулбараараа Төрийн соёрхол хүртжээ.
Бид бүхний сайн мэдэх “Үүлэн заяа” (1988), “Өгөөдэй хаан” (1991), “Гэсэр хаан” (1995), “Гүн гэрийн гүнж” (2004) дуурь болон 1-5 дугаар симфони (1978, 1979, 1988, 1990, 2002) зэрэг олон бүтээл туурвиж, нийт 5 симфони, 4 дуурь, 2 бүжгэн жүжиг, морин хуурт зориулсан томоохон бүтээлүүд, 60 гаруй дуу зохиосон билээ.
