30, 40 настай эмэгтэйчүүдийг папиллома вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулахаар боллоо


Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч хүний папиллома вирүс илрүүлэх өндөр мэдрэг шинжилгээнд 30, 40 настай эмэгтэйчүүдийг хамруулахаар болсноо ЭМЯ мэдээллээ. Энэ өвчнийг илрүүлэхийн тулд эсийн шинжилгээ хийдэг байсан бол одоо нэмээд, хүний папиллома вирүс илрүүлэх өндөр мэдрэг шинжилгээ хийх юм байна.

Монгол Улсад 30, 40 настай 45 мянган эмэгтэй бий. Үүнээс 2026 онд 20 мянгад нь Хавдар судлалын үндэсний төв папиллома вирүс илрүүлэх ПСР шинжилгээ хийхээр төлөвлөжээ. Бусад эмэгтэйд дараа жил шинжилгээ хийх аж.

Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Харамсалтай нь Монгол Улсад 2025 онд 551 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдартай хэмээн оношлогдож, энэ өвчнөөр 171 эмэгтэй нас баржээ.

ДЭМБ 90:70:90 гэсэн хөтөлбөр хэрэгжүүлдэг. 15-аас доош насны охидын 90%-ийг папиллома вирүсийн вакцинд хамруулах, 30, 40 настай эмэгтэйчүүдийн 70%-ийг өндөр мэдрэг шинжилгээнд хамруулах, папиллома вирүс илэрсэн өвчтөнүүдийн 90%-ийг эмчлэх шаардлагатай. Ингэвэл 2050 он гэхэд 100.000 хүний 4 нь энэ өвчнөөр өвчилдөг болж, нас баралт огцом цөөрнө.

Хүний папиллома вирүс илрүүлэх өндөр мэдрэг шинжилгээ хийснээр энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх боломж бүрдэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *