Жил бүр нөөцийн махыг худалддаг. Тэгвэл энэ жил хаврын махны хэрэгцээнд 5,016 тонн мах бэлджээ. Үүний 2000 гаруй тонн нь үхрийн мах, 3000 тонн нь хонины мах байгаа юм.
Ж.Дуламсүрэн: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд ченж нар дугаарлаж, мах их авч байна
Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээн дэх нөөцийн махны цэгүүдэд хүмүүс олуул цугларч, дугаарласан. Тэгвэл нөөцийн махны эрэлт их байхын хэрээр нийлүүлэлт хэрхэх талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа.

“Энэ жил нөөцийн мах бэлтгэхэд 9 аж ахуйн нэгж оролцжээ. Нөөцийн махыг 5 сар хүртэл худалдана. Бид 2-р сарын 5-наас нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 дүүрэгт 9 цэгээр дамжуулж, долоо хоногийн 3 өдөр худалдаж эхэлсэн. Энэ жил мах экспортод их гарсан. Түүнчлэн түлш, шатахууны үнэ нэмэгдсэн. 11-12 сард мах хомсодсон. Өмнөх жилтэй харьцуулахад сүүлийн 1-3 сард махны нийлүүлэлт багассан. Улмаар хомсдол үүсэхийн зэрэгцээ үнэ хөөрөгдсөн. Цаашид ч махны үнэ нэмэгдэх төлөвтэй байна. “Шонхор” худалдааны төвд худалдаачид малчдаас үхрийн махыг килограммыг 21-24 мянга, хонины махыг 16-18 мянгад авч байгаа. Харин лангуун дээр хонины мах килограмм нь 21-22 мянган төгрөг бол үхрийн мах өндөр зэрэглэлийн зах, худалдааны төвд кг нь 34 мянгад хүрсэн” гэлээ.
Өргөтгөсөн худалдааны цэгүүдэд урт дараалал үүссэн нь ченж нартай холбоотойг онцоллоо. Учир нь ченж нар дугаарлаж, олон хүн зогсоох гэх мэт асуудал гарч байгаа аж. Иймд нийслэлчүүдэд нөөцийн махыг хангалттай хүргэхийн тулд 1 хүнд хонины 1 гулууз, үхрийн махыг гэхэд нэг хүнд 3 уутаас илүүг өгөхгүй байхаар зохицуулжээ.
