Монгол Улсын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар менингококкт халдварын нөхцөл байдал хүндэрч, 7 хүн халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. Энэ өвчнөөр 3 хүүхэд нас барлаа. Тэд Налайх, Чингэлтэй, Баянзүрх дүүргийнх. Сонгинохайрхан дүүрэгт мөн эрсдэл өндөр байгааг мэргэжлийн эмч нар анхаарууллаа. Харин орон нутгаас Ховдод 2, Дархан-Уул аймагт 1, Увс аймагт 1 хүн өвчилсөн нь илэрчээ.
Менингококкийн эсрэг дархлаажуулалтыг 2024 онд Монгол Улсад хийж байсан боловч өвчний тархалтыг харгалзан, сайн дураар хамрагдах вакцины төрлөөс хасжээ. 2025 онд ЭМЯ сайн дураар хамруулах вакцин худалдаж авахдаа менингококкийнхыг аваагүй. Өнгөрсөн жил “Сос медикал” эмнэлэг уг өвчний вакцин хийж байсан боловч энэ жил ийм вакцин хийж байгаа эмнэлэг алга байна.
Уг өвчний вакцин маш өндөр үнэтэй. 1 тунг нь 2025 онд 1 сая 200 мянган төгрөгөөр худалдаж байв.
Менингекоккоор одоо өвчлөөд байгаа хүүхдүүдийн 66.7 хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд. Нийт 6 сартайгаас 10 настай хүүхэд халдвар аваад байна. Энэ өвчний халдвар жил бүрийн 12-6 сарын хооронд идэвхиждэг. Нийт өвчтөний 90 орчим хувь нь оны эхний хагаст бүртгэгддэг. Менингококкт халдвар тархах өндөр эрсдэлтэй аймгуудад Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв нэрлэгдэж байгааг холбогдох албанаас мэдээллээ.
Менингококкийн халдвар авбал маш богино хугацаанд хүндэрч, амь насанд аюул учруулдаг тул хаврын энэ өдрүүдэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн бага насны хүүхдэд өндөр халуурах, биеэр тууралт гарах, бөөлжих, хүзүү хөших зэрэг шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
