Б.Жаргалан: Би А.Бямбажаргалаас дүн гуйж байгаагүй


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсэгт багтсан ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал өнөөдөр Б.Жаргалан гишүүнийг оюутан байхдаа хичээлдээ суулгүй, өөрөөс нь гуйж дүн тавиулсан тухай чуулганы танхимаас олон нийтэд мэдэгдэв. УИХ-ын дэгийн тухай хууль зөрчсөн түүнд хариуцлага тооцохыг шаардаж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: 

-Сая чуулганы танхимд хууль санаачлагчийг төлөөлж оролцсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга А.Бямбажаргал намайг тусгайлан гүтгэж, доромжиллоо. Энэ хуулийн төслийг хэлэлцэж эхэлснээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүдийн хэлж, ярьж байсан асуудлууд өнөөдөр бодитоор илэрч байна. Хэрэв цаашид УИХ-ын гишүүдийг ийнхүү хөндлөнгийн этгээдүүд хувийн зан байдалтай нь холбон гүтгэж, доромжилдог жишиг тогтвол гишүүд айдаст автаж, парламентын танхимд нээлттэй, ил тод байдлаар үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болох эрсдэлтэй. Миний хувьд энэ хуулийг эсэргүүцсэн байр сууриа удаа дараа илэрхийлж ирсэн. Хэрэв ийм төрлийн гүтгэлэг, доромжлол газар авбал парламент дахь эрх чөлөөт дуу хоолой алдагдана гэх болгоомжлол байна.

Иймд А.Бямбажаргал энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа юм. Би МУИС төгссөн нь үнэн. Би А.Бямбажаргалаас дүн гуйж тавиулж байгаагүй. Намайг гүтгэж байна.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: 

-УИХ-ын дэгийн тухай хуулийг С.Бямбацогт дарга танилцуулсан. Тус хуульд их хуралд хүндэтгэлтэй хандах, үнэн зөв мэдээлэл өгөх зэрэг үндсэн зарчмууд тодорхой тусгагдсан байдаг. Мөн энэ дэгийг ажлын хэсэг зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх заалт ч бий.

Гэтэл сая хуралдаанаар дэгийн зөрчил гарлаа. Их хурлын дарга өөрөө дэг зөрчсөн. Учир нь Б.Жаргалан гишүүн асуулт асуугаагүй байхад, үг хэлүүлэх боломж олгосон. Дэгийн тухай хуулиар бол зөвхөн асуусан асуултад хариулах зохицуулалттай байдаг. Харин асуулт асуугаагүй нөхцөлд үг хэлж, тэр дундаа парламентад хүндэтгэлгүй хандаж, гишүүнийг гүтгэсэн нь ноцтой асуудал юм.

Хэрэв цаашид ийм жишиг тогтвол нөхцөл байдал улам дордоно. “Ёс зүйгүй үйлдэл гаргалаа” гэж Ёс зүйн хороогоо хуралдуулж, шийдвэр гаргуулж, гишүүдэд хариуцлага тооцдог болгох нь. Ийм байдал руу орж байгааг А.Бямбажаргалын өнөөдрийн үйлдэл харууллаа. Хууль санаачлагч болон уг хуулийг танилцуулж буй субьектүүдийн парламентад хандаж байгаа хандлагыг монголчууд харж байна. Та нар үгэнд ор, эсвэл гишүүнээ боль гэх байдлаар парламентад эзэн суусан байна.

Сүүлийн үед Монголын төрд нэг нам төрийн дээр гарч суусан нь хангалттай харагдах боллоо. Х.Нямбаатарыг дагасан бүх хүн Х.Нямбаатар болсон. Ерөнхийлөгчийг дагасан бүх хүн Ерөнхийлөгч болж хувирсан байна. Орж ирээд л шууд загнадаг хандлага газар авч байна. Тиймээс энэ хуулийг маш хатуу эсэргүүцэж байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *